Хээл хахууль авсан албан тушаалтны хэргийг Өршөөлийн хуульд хамруулав /2009.10.13/

A- A A+
Хээл хахууль авсан албан тушаалтны хэргийг Өршөөлийн хуульд хамруулав /2009.10.13/
Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирсэн хятад ажилчдад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн бичгийг зориуд хуурамчаар гарган өгч, хятад ажилчдын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд тушаах ёстой байсан 10 сая төгрөгийг хахуульд авсан Ж.Цогтбаатарт холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх хянан хэлэлцээд, 2009 оны долдугаар сарын 9-ны өдөр гарсан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуульд хамруулан шийдвэрлэсэн байна.

Авлигатай тэмцэх газраас Ж.Цогтбаатарт холбогдох дээр дурьдсан хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх албаны мэргэжилтэн С.Нямжаваас Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Эрдэнэцогтоор зуучлуулан, 2006 оны есдүгээр сард “Икс Ди Эф” компанийн хятад ажилчдын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд тушаах ёстой байсан 10 сая төгрөгийг хээл хахуульд авсныг тогтоон, уг хэргийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дах хэсэгт заасныг баримтлан шийдвэрлүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Шүүх хэргийг хянан хэлэлцээд прокуророос зүйлчилсэн 268 дугаар зүйлийн 268.2 дах хэсгийг өөрчлөн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуульд хамруулан шийдвэрлэсэн байна.

Гэтэл Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийн 8 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийг бүхлээр нь өршөөлд хамруулахгүйгээр тусгаж өгсөн байгаа юм.