Аймгийн орлогч прокурор хээл хахуулийн хэрэгт холбогдсон хэргийг прокурорт шилжүүлэв /2009.10.15/

A- A A+
Аймгийн орлогч прокурор хээл хахуулийн хэрэгт холбогдсон хэргийг прокурорт шилжүүлэв /2009.10.15/
Сэлэнгэ аймгийн орлогч прокурор Ш.Болд-Эрдэнэ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэг сая төгрөгийн хахууль авсан гэх эрүүгийн хэргийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусаад Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байна.

Аймгийн орлогч прокурор Ш.Болд-Эрдэнэ нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэн Р.Батбаярт холбогдох бусдын биед хүнд гэмтэл учруулсан эрүүгийн гэмт хэргийн мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж байхдаа иргэн Р.Батбаярын үйлдсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхөөр амлан нэг сая төгрөгийн хахууль авч, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ хэрэг нь илэрч, сэжигтнээр шалгагдаж байхдаа хэргээ нуун далдлахын тулд хуурамч бичиг баримт үйлдсэн эрүүгийн гэмт хэрэгт холбогдон шалгагдсан.

Дээрх хэргүүдэд нь Ш.Болд-Эрдэнэд анхан шатны шүүхээс 10 сая төгрөгөөр торгох ял оноож, прокурорын албанд ажиллах эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хасах, хахуульд авсан нэг сая төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч давж заалдсанаар хэргийг Нийслэлийн шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм.

Энэ дагуу нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусаад,эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон үндэслэлээр 2009 оны аравдугаар сарын 3-нд прокурорт шилжүүллээ.