“Шударга ёсны төлөө” шагналд хэн нэрээ дэвшүүлж болох вэ? /2009.11.30/

A- A A+
“Шударга ёсны төлөө” шагналд хэн нэрээ дэвшүүлж болох вэ? /2009.11.30/
Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж буй “Шударга ёсны төлөө-2009” шагналд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй хувь хүн, байгууллага нь ямар шалгуур үзүүлэлтийг хангасан байх ёстойг энэ удаа танилцуулъя.

Шагналд нэрээ дэвшүүлэх иргэн нь нийгэмд шударга ёсны үнэлэмжийг дээшлүүлэх талаар бодитой үйл хэрэг хийсэн байхыг эн тэргүүнд чухалчлах юм байна. Тэрхүү үйл хэрэг нь эр зоригтой, үлгэр жишээч, төгөлдөржсөн, цаашид загвар болгон дэлгэрүүлэх боломжтой бөгөөд Авлигатай тэмцэх газрын зорилго, үйл ажиллагаанд нийцсэн байх ёстой юм. “Шударга ёсны төлөө-2009” шагналд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй төрийн байгууллага нь хүнд суртал, чирэгдэлгүй төрийн үйлчилгээг бий болгох талаар бодитой ажил төлөвлөж хэрэгжүүлэн, үүнийгээ жишиг болгосон байх шаардлагатай ажээ. Харин төрийн бус байгууллагууд “Шударга ёсны төлөө-2009” шагнал гардахыг хүсвэл авлигын эсрэг идэвхтэй, тогтмолжсон, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулдаг, тэрхүү үйл ажиллагааны үр дүнгээ мониторингийн дүгнэлтээр баталгаажуулсан байх учиртай. Энэ шагналд хэвлэл, мэдээллийн байгууллагууд нэрээ дэвшүүлж бас болох юм. Авлигын нийгмийн хор аюул, үр дагаврыг олон нийтэд ухуулан таниулах чиглэлээр тогтмол булан эрхэлж, тодорхой хугацаанд аян, хэлэлцүүлэг зохион байгуулсан, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааг олон нийтэд тогтмол сурталчлан таниулдаг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл “Шударга ёсны төлөө-2009” шагналын эзнээр тодрох боломжтой. Шагналд нэрээ дэвшүүлэгчдийн үйл ажиллагаа нь улс төрөөс ангид, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэсэн байхыг чухалчилж байна.