“Төлөөс” киног Монголын үндэсний олон нийтийн телевизээр үзүүлнэ /2009.12.03/

A- A A+
“Төлөөс” киног Монголын үндэсний олон нийтийн телевизээр үзүүлнэ /2009.12.03/
Жил бүрийн 12 дугаар сарын 9-нд тохиох Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Авлигатай тэмцэх газар шударга ёсны сэдэвт нэг сарын аян зохион байгуулж байгаа билээ. Аяны хүрээнд хийж буй ажлуудын нэг нь авлигын гэм хорыг олон нийтэд ухуулан таниулах, авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор Авлигатай тэмцэх газар АНУ-ын Азийн сангийн дэмжлэгээр гурван ангит кино бэлтгэн, телевизээр үзүүлэх юм.

Киноны “Төлөөс” нэртэй эхний ангийг Монголын Үндэсний олон нийтийн телевизээр 2009 оны 12 дугаар сарын 9-нд буюу Авлигын эсрэг олон улсын өдөр нэвтрүүлэх ажээ. Яамны төрийн нарийн бичгийн дарга гүүр засварлах тендерт танилынхаа компанийг шалгаруулснаас болж тус яамны нэгэн албан хаагчийн эхнэр ослоор амиа алдаж, харин хуурамч сонгон шалгаруулалтыг мэдсээр атлаа дуугүй явсан эр нөхөр нь эцэс сүүлдээ Авлигатай тэмцэх газарт очин мэдээлснээр албан тушаалтнууд шийтгэлээ хүлээж байгаа тухай үйл явдлыг кинонд өгүүлдэг.

Бизнесменүүд авлигад зарцуулсан мөнгөө бараа, бүтээгдэхүүнийхээ үнэд шингээн алдагдлаа нөхөх гэж эрмэлзэх нь эцсийн дүндээ жирийн иргэдэд үүрүүлсэн авлигын төлөөс байдаг. Үнэ өслөө гэх нь угтаа зах зээлийн жам уу, авлигын төлөөс үү гэдгийг олон нийт ялгаж салгаж чаддаг болсон. Харин авлигын хамгийн том төлөөс нь дотнын хүнээ өөрийн буруугаас алдан, үр хүүхдээ өнчрүүлж буй эмгэнэл гэдгийг энэхүү киногоор олон нийтэд ойлгуулахыг зорьжээ.