“Шударга ёсны төлөө-2009”-ийн шалгаруулалтыг хийж дууслаа /2009.12.05/

A- A A+
“Шударга ёсны төлөө-2009”-ийн шалгаруулалтыг хийж дууслаа /2009.12.05/
Жил бүрийн 12 дугаар сарын 9-нд тохиох Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан Авлигатай тэмцэх газар “Шударга ёсны төлөө-2009” шагнал гардуулах ёслолын ажиллагааг хоёр дахь удаагаа зохион байгуулах юм. Уг шагналыг иргэн, төрийн байгууллага, төрийн бус байгууллага, хэвлэл, мэдээллийн байгууллага гэсэн дөрвөн төрлөөр олгодог ажээ. Шагналын төрлүүдэд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа сар гаруйн турш үргэлжилж, өчигдөр шалгаруулалтаа хийлээ.

“Шударга ёсны төлөө-2009” шагналд нийт 25 хүн, байгууллага нэрээ дэвшүүлжээ. Хөдөө орон нутаг дахь төрийн болон төрийн бус байгууллагууд шагналын нэр дэвшүүлэх үйл ажиллагаанд нэлээд идэвхтэй оролцсон байна. Шалгаруулалтыг хийж дуусгасан ч шагнал гардах иргэн, байгууллагуудын нэрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хүртэл нууцалж байна. Учир нь энэ өдөр “Шударга ёсны төлөө-2009” шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болох юм. Ёслолын арга хэмжээн дээр шагналыг хүндэтгэлтэй гардуулахаар Авлигатай тэмцэх газар төлөвлөж байна.

“Шударга ёс гэхээр бид төгс төгөлдөр шударга ёсны түвшингийн тухай хэлж байгаа юм биш, харин нийгэмд байгаа шударга бус явдлын хурдыг сааруулах үүднээс, бага сагаар гялсхийж байгаа өнөөдрийн очийг маргаашийн түүдэг болгон асаая гэсэн санаагаар шударга ёсны манлайлагчдыг дэмжиж байгаа юм” хэмээн Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэн ярилаа.