Шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газрын ажилтнууд уулзлаа /2009.12.17/

A- A A+
Шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газрын ажилтнууд уулзлаа /2009.12.17/
Авлига, албан тушаалын хэргийг илрүүлэн шалгах, хяналт тавих, шүүхээр хянан шийдвэрлэх үүрэг хүлээсэн Шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газрын ажилтнууд энэ сарын 16-ны өдөр нүүр тулсан уулзалт, ярилцлага зохион байгууллаа.

Авлигатай тэмцэх газрын санаачилгаар зохион байгуулсан уг уулзалтад, тус газрын дэд дарга Д.Сундуйсүрэн, Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор Ү.Содномцог, Нийслэлийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид болон дүүргүүдийн шүүхийн ерөнхий шүүгчид, Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорууд, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Тагнуулын ерөнхий газрын холбогдох ажилтнууд оролцож, авлига, албан тушаалын хэргийг илрүүлж, мөрдөн шалгахад, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавихад, шүүхээр хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал, бэрхшээл, түүнээс гарах арга замыг тал бүрээс нь хэлэлцлээ.

Тухайлбал, Нийслэлийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Д.Мөнхтуул “Албан тушаалын хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал”, Авлигатай тэмцэх газрын ахлах мөрдөн байцаагч П.Болд ”Албан тушаал, хээл хахуулийн гэмт хэргийг мөрдөн шалгахад анхаарах асуудлууд”, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ё.Сагсай “Албан тушаалын хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд прокурор хяналт тавихад анхаарах зарим асуудлууд” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Түүнчлэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Зүмбэрэллхам “Авлигатэй тэмцэх бодлого, тактикийн зарим асуудал”, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор С.Жанцан “Албан тушаал, хээл хахуулийн гэмт хэргийн бүрэлдэхүүн, зүйлчлэлийн зарим асуудал” сэдвээр илтгэл тавьсны дагуу уулзалтад оролцогчид санал, бодлоо солилцсон.

Авлига, албан тушаалын гэмт хэргийг шалган, шийдвэрлэж, энэ төрлийн гэмт хэрэгтэй гардан тэмцэж буй хуульчид ийнхүү нүүр тулан уулзаж, санал бодлоо солилцсоноор өнөөгийн нийгмийн үнэт зүйл, иргэдийн итгэл, эрх тэгш байдлыг алдагдуулж, нийгэмд шударга бус байдлыг бий болгосон авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдэд оногдуулах ялын бодлогыг чангаруулах, үүнийг хийхийн тулд холбогдох хууль тогтоомжуудад нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага тулгарсан гэдэгт санал нэгдэв.