Албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж эхэллээ /2010.01.12/

A- A A+
Албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж эхэллээ /2010.01.12/
Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хаах хугацаандаа жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргана гэж заасан байдаг. Үүний дагуу төрийн улс төр, төрийн захиргаа, төрийн тусгай албан тушаалд байнга эсвэл түр хугацаагаар томилогдсон буюу сонгогдсон албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу түр буюу байнга гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах буюу гүйцэтгэх албан тушаалтнууд 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хоёрдугаар сарын 15 –ны дотор хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчилэн гаргаж, байгууллагынхаа эрх бүхий албан тушаалтанд гаргаж өгөх үүрэгтэй.

Авлигын эсрэг хуулийн дагуу төр, захиргааны 120 байгууллага, тэдгээрийн 1040 салбар нэгжид хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэж, хадгалдаг эрх бүхий албан тушаалтан ажиллаж буй юм.