Хэнтий аймгийн төрийн байгууллагын удирдлагууд шударга, ил тод, нээлттэй ажиллахаа ард иргэддээ мэдэгдлээ /2010.03.04/

A- A A+
Хэнтий аймгийн төрийн байгууллагын удирдлагууд шударга, ил тод, нээлттэй ажиллахаа ард иргэддээ мэдэгдлээ /2010.03.04/
Чингис хааны өлгий нутаг Хан Хэнтийн ард иргэд жил бүрийн гуравдугаар сарын 4-нд хөгжлийн өдрөө тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил ч мөн Хан Хэнтийчүүд хөгжлийн өдрөө тэмдэглэсэн. Ямар нэг тэмдэглэлт өдрийг архи дарс, зугаа цэнгэлгүйгээр төсөөлөхөө больсон энэ цаг үед хан Хэнтийн хөгжлийн өдөр харин тун ч өвөрмөц болов. Хөгжлийн өдрөөрөө тус аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбаатар аймгийн бүх удирдлагуудынхаа хамт ард иргэдийнхөө өмнө мэдэгдэл хийв. Засаг дарга ард иргэдийнхээ өмнө

-Авлига, хүнд суртлын эсрэг тэмцэх, нийгэм болон ард иргэдийн амьдралд үзүүлэх хор нөлөөг арилгах, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны шударга, ил тод нээлттэй байдлыг хангахад төрийн албан хаагч бүрийн, түүнчлэн иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцоо, дэмжлэг туслалцаа, хамтын хүчин чармайлт чухал шаардлагатай.

Ялангуяа төрийн албан хаагч бүр өргөсөн тангарагтаа үнэнч, ёс зүйтэй байж, хуульд захирагдан, шударга ёсыг эрхэмлэн ажиллах нь нэн чухал. Иймд Хэнтий нутгийн иргэн хэн боловч, “ШУДАРГА ЁС, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД БАЙДЛЫГ ЭРХЭМЛЭН ДЭЭДЛЭГЧ АЙМАГ” болох зорилтыг дэмжин, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн, төрөлх нутгаа хөгжүүлэх үйлсэд гар бие оролцон, хамтран ажиллана гэдэгт найдаж байна хэмээн мэдэгдлээ.

Хан Хэнтий нутгаа хөгжүүлэхэд төрийн бүх шатны байгуулагууд, төрийн албан хаагчид үйл ажиллагаандаа шударга, ил тод, нээлттэй байдлыг эрхэмлэн, зөвхөн хууль ёсонд захирагдаж, иргэд олон нийтийн ашиг сонирхолын тусын тулд хоёргүй сэтгэлээр ажиллах нь нэн чухал учраас ийнхүү мэдэгдэл хийж байгаа гэж Засаг дарга хэлж байв.

Төрийн албаны үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, шуурхай хүргэх, авлига, хүнд суртлыг арилгахын төлөө хүсэл зоригоо илэрхийлэн, үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй болгон ажиллахаа ард иргэдийнхээ өмнө мэдэгдэж байгаа энэ шийдвэрийг Авлигатай тэмцэх газар дэмжиж, цаашид “Шударга ёс, ил тод байдлыг хангах” төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэн хамтран ажиллахаа тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэн Хан Хэнтийн хөгжлийн өдрийн арга хэмжээнд оролцохдоо илэрхийлсэн юм.

Авлигатай тэмцэх газар авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг нэгдсэн бодлого, чиглэлээр аймаг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, орон нутгийн удирлагын үйл ажиллагаанд шударга ёс, ил тод байдлыг тогтооход чиглэсэн төлөвлөгөөтэй болгохоор ажиллаж байгаа бөгөөд, энэ ажлын хүрээнд Хэнтий аймаг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр ИТХТ-ийн хуралдаанаараа төлөвлөгөөгөө батлан, хэрэгжүүлж эхэлжээ.

Тус аймаг 2010 онд шударга, ил тод, нээлттэй ажиллахаа илэрхийлэн 20 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Аймгийн удирдлагууд авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлээ илэрхийлж, авлигыг тэвчин, ёс зүй, шударга ёсыг эрхэмлэн ажиллахаа олон нийтэд мэдэгдсэн нь энэхүү төлөвлөгөөний нэг хэсэг нь юм. “Төрийн байгууллагуудын удирдлагууд ийнхүү аппаратынхаа ажилтнууд, нийт ард иргэдийнхээ өмнө авлигыг таслан зогсоож, хүнд сурталгүй ажиллахаа мэдэгдсэнээр олон нийтэд шударгаар ажиллаж, амьдрах итгэл үнэмшил бий болно гэж “Орон нутгийн үйл ажиллагаанд шударга ёс ил тод байдлыг хангах төлөвлөгөө” боловсруулах ажлын хэсгийн ахлагч, аймгийн Засаг даргын тамгын газрын Хуулийн хэлтсийн дарга Ж.Ганбаатар хэлж байлаа. Тэрээр мөн төлөвлөгөөнд тусгагдсан ажлаа танилцуулж байсан юм. Заримаас нь дурьдвал, төрийн байгууллагуудаас гаргаж буй шийдвэр, явуулж байгаа үйл ажиллагаагаа олон түмэнд ил тод, нээлттэй байлгаж, нийтийн эрх ашгийн хүрээнд гаргаж буй шийдвэрийг боловсруулахдаа иргэд, олон нийтийг оролцуулан саналыг нь авч байх юм байна. Мөн төрийн албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулж, иргэдэд хөнгөн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлдэг байхаар тусгаж өгчээ.

Энэ мэтчилэн ард иргэдэд ажил, үйлчилгээгээ ойртуулж, авлига, хүнд суртлыг таслан зогсоохын төлөө тууштай тэмцэхээ илэрхийлж Хэнтий аймгийн төрийн захиргааны байгууллага олон ажил төлөвлөн хэрэгжүүлж байгаа юм байна.