Хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй ажилтантай төрийн байгууллагуудын дарга нарт хууль хэрэгжүүлэх сонирхол байна уу? /2010.03.12/

A- A A+
Хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй ажилтантай төрийн байгууллагуудын дарга нарт хууль хэрэгжүүлэх сонирхол байна уу? /2010.03.12/
Авлигатай тэмцэх газар албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг улсын хэмжээнд дөрөв дэх удаагаа зохион байгуулсан. Хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн талаар болон хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй хэчнээн байгууллагын хэдэн албан тушаалтан байгаа талаар Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан дараах мэдээллийг өгч байна.

Хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийг 99.8 хувьтай хүлээж авлаа гэж хэвлэлээр мэдээлэл гарсан байна. 99.8 хувь гэдэг их цөөхөн хүн хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаагүй гэсэн үг байх. Хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж өгөөгүй ямар ямар байгууллагын хэдэн албан тушаалтан байна вэ?

-Авлигатай тэмцэх газар Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг улсын хэмжээнд дөрөв дэх удаагаа 119 байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудтай хамтран зохион байгууллаа. 54000 гаруй хүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг нийт 923 албан газарт хадгалуулан, тайлан мэдээг авч нэгтгэн, дүн шинжилгээ хийж байна.

Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны нийт 119 байгууллагаас ирүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн 2010 оны тайланг нэгтгэн дүгнэхэд 99.8 хувьтай бүртгэж хүлээн авсан байгаа.

15 албан тушаалтан буюу нийт мэдүүлэг гаргагчийн 0,02 хувь нь хугацаа хожимдуулж, 136 нь буюу нийт мэдүүлэг гаргагчийн 0,18 хувь нь хөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлээгүй байна.

Үүнээс Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах 8 албан тушаалтан хугацаа хожимдуулсан, 38 албан тушаалтан хөрөнгө, орлогын мэдүүлгээ огт мэдүүлээгүй.

Харин Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 төлөөлөгч хугацаа хожимдуулж, 98 төлөөлөгч хөрөнгө, орлогын мэдүүлгээ огт мэдүүлээгүй байгаа.

Энэ нь Авлигын эсрэг хуулийн хэрэгжилтээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй хуулийн хугацаа хожимдуулж мэдүүлсэн болон бүртгүүлээгүй нийт 151 мэдүүлэг гаргагч байна гэсэн үг юм.

-Хөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлээгүй, хугацаа хожимдуулж бүртгүүлсэн энэ хүмүүст ямар хариуцлага тооцох вэ?
-Авлигын эсрэг хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй эдгээр албан тушаалтнуудад хуульд заасан хариуцлага тооцуулах асуудлыг зохих байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх болно.

Авлигын эсрэг хуулийн 13.5 дахь хэсэгт заасны дагуу хөрөнгө орлогоо мэдүүлээгүй буюу хугацаа хожимдуулж мэдүүлсэн албан тушаалтныг албан тушаалаас нь халах, огцруулах, түдгэлзүүлэх үндэслэл болдог.

-Эдгээр албан тушаалтнуудыг нэрлэх боломжтой юу?
-Авлигын эсрэг хуулийг хэрэгжүүлэх үүрэг бүхий мэдүүлэг гаргагчдын дийлэнх нь хөрөнгө орлогоо мэдүүлэх энэ ажилд өндөр ач холбогдол өгч хугацаандаа хөрөнгө орлогоо мэдүүлсэн байхад цөөн мэдүүлэг гаргагчид энэ ажлаас хойш чангааж үлдсэн байгаа. Энэ нь тухайн албан тушаалтны харъяалах байгууллагын удирдлагад авлигатай тэмцэх төрийн бодлого, хууль тогтоомжийг биелүүлэх, хэрэгжүүлэх сонирхол, хүсэл зориг байна уу гэдэг асуудлыг давхар хөндөж байгаа юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 3, Үндэсний татварын ерөнхий газраас 1, Зэвсэгт хүчний жанжин штабаас 3, Гаалийн ерөнхий газраас 6, Тагнуулын ерөнхий газраас 1, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газраас 1, Баянөлгий аймгийн Засаг даргын тамгын газраас 1, Завхан аймгийн Засаг даргын тамгын газраас 2, Өвөрхангай аймгийн ИТХ-ын Ажлын албанаас 2, Хэнтий аймгийн ИТХ-ын Ажлын албанаас 2, Завхан аймгийн ИТХ-ын Ажлын албанаас 3 хүн гэх мэтээр хөрөнгө орлогоо мэдүүлээгүй буюу хугацаа хожимдуулж мэдүүлсэн байна.

Дээрх байгууллагын албан тушаалтнуудад Авлигын эсрэг хуулийн дагуу хариуцлага тооцох асуудал тавигдана. Авлигатай тэмцэх газраас гаргасан шийдвэрийн дагуу хугацаа хожимдуулсан, огт мэдүүлээгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах тухай албан шаардлагыг ойрын хугацаанд холбогдох байгууллагуудад хүргүүлэх болно.

Хэрэв манай газраас тавсан шаардлага, шийдвэрийг биелүүлэхгүй бол захиргааны шийтгэл ногдуулахаар шүүхэд хандах хуулийн зохицуулалт бий гэдгийг сануулах нь зүйтэй байх.