НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийн өөрийн үнэлгээг гаргахад арга зүйн туслалцаа үзүүлэх семинар боллоо /2010.03.17/

A- A A+
НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийн өөрийн үнэлгээг гаргахад арга зүйн туслалцаа үзүүлэх семинар боллоо /2010.03.17/
НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийн өөрийн үнэлгээг гаргахад холбогдох байгууллагад дэмжлэг, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор “Монгол Улсад НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийн үнэлгээ хийх арга зам” сэдэвт семинарыг Авлигатай тэмцэх газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулж байна.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон тус хөтөлбөрийн Вена дахь Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага хамтран Ази, Номхон далайн орнууд конвенцийн хэрэгжилтэд өөрийн үнэлгээг өгсөн экспертийн баг оролцож байгаагаараа тус семинар чухал ач холбогдолтой болсон.

НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэж орсон улс орнууд өөрийн улс орондоо конвенцийн хэрэгжилт ямар байгаад үнэлгээ өгдөг бөгөөд ингэж үнэлгээ өгөхөд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, зөвлөх зорилгоор дээрх баг олон улсын түвшинд ажилладаг.

Энэхүү экспертүүдийн баг Монгол Улс өөрийн үнэлгээг 2010 онд багтаан хийж НҮБ-д явуулахад арга зүйн зөвлөгөө өгөх үүрэгтэйгээр манай улсад энэ сарын 12-19 ны өдрүүдэд ажиллаж байгаатай холбогдуулан дээрх семинарыг зохион байгууллаа.

Олон улсын зөвлөх, шинжээчид “НҮБ-ын Авлигын эсрэг конвенц болон НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийн механизмын үнэлгээний тойм”, “НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн өөрийн үнэлгээ хийх арга зам”, “Үнэлгээ хийгдэж байсан улс орнуудын туршлага” зэрэг сэдвээр илтгэл тавьж, арга зүйн зөвлөгөөг өгч байв.

Семинарт, АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, УИХ-ын Хууль зүйн бодлогын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Оюун нарын албаны хүмүүс болон НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтэд үүрэг бүхий байгууллагуудын төлөөлөл болох ЗГХЭГ, Ерөнхийлөгчийн тамгын газар, Сангийн яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Төрийн албаны зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Улсын дээд шүүх, Монгол банк, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газрын холбогдох албан тушаалтнууд, судлаачид, хэвлэл мэдээллийн байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Трансперенси интернэшл, Азийн сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллага, иргэний нийгэм, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.