Төрийн байгууллагуудыг авлигаас урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөтэй болгож буй нь Ази, Номхон далайн бүсдээ шилдэг туршла юм /2010.04.20/

A- A A+
Төрийн байгууллагуудыг авлигаас урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөтэй болгож буй нь Ази, Номхон далайн бүсдээ шилдэг туршла юм /2010.04.20/
Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газар, АНУ-ын Азийн сан хамтран “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг үнэлэх аргачлал ба орон нутгийн оролцоог хангах нь” сэдэвт семинарыг энэ сарын 15-16 ны өдрүүдэд зохион байгууллаа.

Семинарын үеэр Хонконгийн их сургуулийн профессор, олон улсын зөвлөх Тони Квоктой ярилцсан юм. Тэрбээр авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах чиглэлээр семинарт оролцогчдод арга зүйн зөвлөмж өгч байсан юм.



Тони Квок Хонконгийн Авлигатай тэмцэх бие даасан комиссын дэд даргаар ажиллаж байсан агаад дэлхийн олон оронд авлигатай тэмцэх чиглэлээр зөвлөх, шинжээчээр уригдаж ажилладаг аж. Түүний уригдан ажиллаж буй улсын нэг нь манай улс юм байна.

-Яам агентлагуудыг авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй болгох ажлыг гурван жилийн өмнөөс эхэлсэн байх аа. Энэ жилийн хувьд орон нутгийн удирдлагууд, аймгуудын Засаг дарга нарыг хамруулж байгаа юм байна. Тэгэхээр Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй байх нь ямар ач холбогдолтой вэ. Бусад улсуудад төрийн байгууллагууд нь ийм төлөвлөгөөг хэрэгжүүлдэг үү?

-Монгол Улсад жил бүр Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулдаг энэ семинар Ази, Номхон далайн бүсдээ шилдэг туршлага гэж хэлж болно. Би Хонконгийн авлигатай тэмцэх байгууллагад жирийн мөрдөн байцаагчаар ороод дэд дарга хүртэл 27 жил ажилласан. Харин 2002 онд тэтгэвэртээ гарснаас хойш 23 оронд уригдан очиж зөвлөхөөр ажиллаж байна. Монгол бол эдгээр орны нэг. Уригдаж очсон орон бүртээ Монголын Ерөнхий сайдын ивээл дор болдог семинарын тухай ярьдаг. Анхны семинарыг 2008 онд зохион байгуулж, үр дүнд нь бүх яам, голлох агентлаг нийлсэн 26 төрийн байгууллагыг авлигын эсрэг төлөвлөгөөтэй болго­сон. Энэ нь тухайн үед анх удаа сайд, агентлагийн дарга нарыг байгууллага дээрээ байгаа авлигатай тэмц гэж шаардсан тохиолдол юм. Хоёр дахь жилдээ зохион байгуулахад өргөжөөд 55 байгууллага төлөвлөгөөтэй болсон. Өнөө жилийн онцлог нь Улаанбаа­тараас халиад 21 аймгийн Засаг даргыг хамруулж байгаагаараа улсын хэмжээний арга хэмжээ болж өөрчлөгдөж байна. Семинар дууссаны дараа Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг төрийн бүх байгуул­лага авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөтэй болно гэж хүлээж байна.

Авлигын эсрэг төлөв­лөгөө нь төрийн үйлчилгээг ил тод, шуурхай, хариуцлагатай, чанар­тай болгох зорилготой юм. Тэгэхээр байгууллага бүр, аймаг болгон төрийн үйлчилгээг чанаржуулж, сайжруулаад байвал авлигын төвшин нийт дүнгээрээ асар их багасна. Ер нь зөвлөхийн хувьд хэлэхэд ийм жишээ олон улсад нийтлэг байдаггүй. Эцэст нь онцлоход, мэдээж төлөвлөгөө­нөөс гадна сайд, агентлагийн дарга нарын авлигатай тэмцэх улстөрийн хүсэл эрмэлзэл зайлшгүй чухал юм шүү.

-Та манай улсын Авлигатай тэмцэх газрыг байгуулагдсан цагаас зөвлөхөөр ажилласан хүний хувьд манай улсад авлигаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажил хэр үр дүнд хүрч байна вэ. Цаашид юунд анхаарах ёстой гэж зөвлөх вэ?

-Авлигатай тэм­цэх газрыг дөнгөж байгуулагдаж байх үед буюу 2007 онд би Монголд ирж ажилласан. Үндсэн­дээ авлига­тай тэм­цэх байгуулла­гын бүтцийг бий болго­ход тусалж, зөвлө­сөн. Миний бодлоор Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа нь боломжийн байгаа. Гэхдээ бусад орны авлигатай тэмцэх байгууллага­тай харьцуулахад хоёр том бэрхшээл бий. Нэгдүгээрт, хууль эрх зүйн орчин хангалт­тай бүр­дээгүй. Үүнд анхаарах шаардлагатай. Харин Эрүүгийн хуульд нэмэлт өөрч­лөлт оруулах хуулийн төсөл УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асууд­лын жагсаалтад багтсан гэж сонсоод баяртай байгаа. Хэвлэл мэдээлэл, олон ний­тийн дэмжлэгээр энэ хуулийн өөрчлөлт батлагдаасай гэж би их хүсч байна. Учир нь Эрүү­гийн хуулийн өөрчлөлтөд “хууль бусаар хөрөнгөжих” гэ­дэг зүйл ангийг шинээр эрүү­гийн гэмт хэрэгт тооцохоор тусгасан юм билээ. Хууль бу­саар хөрөнгөжих гэдэг нь цалин­гаас өөр орлоготой байж болох­гүй төрийн албан хаагчдад хамаатай.

Тэдний хувьд хууль ёсны орлого гэж батал­гаажуулж чадахгүй байгаа эд хөрөнгөө тайлбарлах шаардлагатай болдог. Хэрэв тайлбарлаж чадахгүй бол авлига авсан гэдэг утгаар шууд гэмт хэргийн хариуцлага тооцдог.

Хонконг болон олон улсын туршлагаас харахад энэ зүйл ангиар том авлигын хэргүүдийг илрүүлдэг. Өөрөөр хэлбэл, энэ зүйл анги нь төрийн өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг илрүүлж, шийдвэрлэх буюу бидний ярьдгаар “том загас” барихад үр дүнтэй. Хонконг “хууль бусаар хөрөнгөжих” гэдгийг бүр 1974 онд хуульдаа тусгасан. Ер нь Хонконгт эрх зүйн орчин нь маш боловсронгуй, төгс төгөлдөр гэж хэлж болно. НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг Хонконгийн Авлигын эсрэг хуульд үндэс­лэж, санаа авч гаргасан юм.

Мөн, би саяхан Камбожид ажил­лаад ирлээ. Тэднийх саяхан Авлигын эсрэг хуулиа батлаад, авлигатай тэмцэх байгууллагаа байгуулжээ. Ингэхдээ хууль бусаар хө­рөнгөжих гэсэн зүйл ангийг эрүүгийн хэрэгт тооцохоор хуульдаа оруулсан байна. Ер нь энэ зүйл анги олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Тэгэхээр Камбожи улс тусгаж болж байхад Монгол Улс хуульдаа тусгаж яагаад болохгүй гэж.

Авлигатай тэмцэх газрын хоёр дахь бэрхшээл нь төсөв санхүүтэй холбоотой.
Олон улс оронд авлигатай тэмцэх байгууллага нь яагаад амжилтгүй ажилладаг вэ гэхээр төсөв хөрөнгө, санхүүжилт муу байдагтай холбоотой. Монгол Улсын Авлигатай тэмцэх газарт 100 хүрэхгүй хүн ажилладаг. Тэгвэл Хонконг долоон сая хүн амтай, авлигатай тэмцэх байгуул­лагад нь 1300 хүн ажилладаг юм. Монгол гурван сая хүн амтай. Энэ харьцаагаар тооцохоор танай улсын Авлигатай тэмцэх газарт дор хаяж 600 албан хаагч ажиллах шаардла­гатай. Нөгөөтэйгүүр Хонконгийн нийт төсвийн 0.3 хувь нь авлигатай тэмцэх байгууллагынх нь төсөв байдаг. Монголын хувьд 0.01 хувьд ч хүрдэг­гүй. Үүнийг ядаж л 0.1 хувьд хүргэх хэрэгтэй. Ингэж байж авлигатай хийх тэмцэл, үр дүн 10 дахин нэмэгдэнэ. Авлига нэг хувиар буурахад дотоодын нийт бүтээгдэхүүн тэр хэмжээгээр өсдөг гэсэн тоо баримт бий. Тэгэхээр авлига буурснаар эдийн засгийн өсөлт нэмэгдэж, хүн амын амьжиргаа сайжирна гэсэн үг. Судалгаагаар Монгол Улсын тулгамдсан асуудлуудын гуравдугаарт авлига жагсч байна. Угтаа гуравт багтаж байгаа тулгамдсан асуудлаа шийдвэрлэхийн тулд төсвийнхөө 0.3 хувийг зарцуулах нь ямар ч Засгийн газрын хийж болох ажил юм шүү.

-Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар эрх зүйн орчин бүрдэхэд ахиц гарна гэж итгэж байгаа. Ядаж л албан тушаалын гэмт хэрэгтнүүдий өршөөгөөд байдаггүй болох байх. Таны хувьд ямар бодолтой байна вэ?

-Үнэхээр зарчмын хувьд албан тушаалын хэргийг өршөөлд хамруу­лах нь байж болохгүй. Хуульд зааснаар албан тушаалын хэрэг хүндэвтэр гэсэн ангилалд багтдаг. Тиймээс гэмт хэргийн ангил­лаар албан тушаалын хэрэг Өршөө­лийн хуульд багтчихсан юм байна лээ. Харин Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөөр бол албан тушаалын хэргийг хүнд хэргийн ангилалд тооцож байгаа учраас ирээдүйд Өршөөлийн хууль батлагдлаа гэхэд хамрагдахгүй байх.

Д.Элбэрэлт /Үнэн сонин/