“Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах, хянан шалгах, хариуцлага хүлээлгэх” сэдэвт нээлттэй сонсгол зохион байгууллаа /2010.05.13/

A- A A+
“Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах, хянан шалгах, хариуцлага хүлээлгэх” сэдэвт нээлттэй сонсгол зохион байгууллаа /2010.05.13/
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос тавдугаар сарын 12-нд Төрийн ордонд зохион байгуулсан “Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах, хянан шалгах, хариуцлага хүлээлгэх” сэдэвт нээлттэй сонсголд Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн холбогдох албан тушаалтнууд оролцлоо.



Нээлттэй сонсголын эхний мэдээллийг “Хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын үйл ажиллагаа” сэдвээр Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан хийлээ. Тэрээр 2009 онд 42 албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ зөрчилтэй мэдүүлснийг тогтоож, хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллагад нь асуудлыг тавьсан, 2010 оны эхний дөрвөн сард 21 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцуулахаар мөн холбогдох байгууллагад нь асуудлыг тавьсан талаар мэдээлэл хийсэн.

Түүнчлэн хөрөнгө орлогоо мэдүүлсэн байдал нь зөрчилтэй, худал мэдүүлсэн, хөрөнгө орлогоо худал мэдүүлж хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцоогүй харъяалах дээд байгууллагынх нь удирдлагын талаар танилцууллаа.

Мэдээлэлтэй холбогдуулж, нээлттэй сонсголыг зохион байгуулж буй УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүн Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр мөн тус байнгын хорооны гишүүн З.Энхболд нар асуулт асууж, хариулт авсны дараа хөрөнгө, орлогоо хугацаанд нь мэдүүлээгүй, худал мэдүүлсэн албан тушаалтнууд, тэдгээр хүмүүст хариуцлага тооцоогүй харъяалах дээд байгууллагынх нь удирдах албан тушаалтнуудыг дуудаж, тайлбар авсан юм.



Нээлттэй сонсголын үйл ажиллагааг АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны ажилтнууд, АНУ-ын Азийн сангийн ажилтнууд, иргэд, ажиглагчид, сэтгүүлчид сонирхож, “Ийгл” “ТВ9” телевиз орон даяар шууд дамжууллаа.

Нээлттэй сонсголыг Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ удирдаж явуулсан бөгөөд төгсгөлд нь уг нээлттэй сонсголыг зохион байгуулсан УИХ дахь Авлигын эсрэг бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ:
-Нээлттэй сонсголд хүрэлцсэн ирж мэдээлэл хийсэн Авлигатай тэмцэх газрын ажилтнууд, ирж тайлбар өгсөн албан тушаалтнууд, ажиглагчаар оролцсон иргэд, сурвалжилсан хэвлэл мэдээллийнхэнд бүгдэд нь баярлалаа. Хоёр телевизээр нээлттэй сонсголыг шууд дамжуулсан болохоор хүн бүр өөр өөрийн дүгнэлтээ хийж байгаа байх.

Гишүүн Ж.Сүхбаатар:
-Авлига бол нэг байгууллага, нэг хүний ажил биш. Олон ажлыг цогцоор хийх хэрэгтэй. Бид авлига дунд амьдарч байна. Үүнийг халахын төлөө УИХ-д Авлигын эсрэг бүлгийг хэсэг гишүүн сайн дураараа байгуулсан. Бидний хийж буй эхний ажил албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгээр нээлттэй сонсгол зохион байгуулах энэ ажил байлаа. Эндээс албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахдаа туйлын хариуцлагагүй ханддаг, хариуцлагагүй хандсаныхаа хариуцлагыг хүлээхгүйн төлөө зүтгэдэг гэдэг нь харагдлаа.

Гишүүн Х.Тэмүүжин:
-Энд тайлбар өгсөн хүмүүс “Би мэдээгүй, хайхрамжгүй хандсан, хүнээс асуугаад ингэчихлээ” гэж өөрөө буруугүй мэтээр ярьж байна. Эдгээр хүмүүсийн ярианаас анзаарахад хариуцлагаас мултардаг олон арга байна. Зүүний сүвэгчээр заан чирээд гаргаад ирэх айхтар хүмүүс байдаг юм байна.

Гишүүн Ж.Энхбаяр:
-Авлигыг сүүлийн 15 жил ярилаа. Үүнтэй нийтээрээ хамтарч тэмцэхгүй бол болохгүй. Ерөнхий сайд аймгийн Засаг даргад, аймгийн Засаг дарга нь сумын Засаг даргадаа хариуцлага тооцож чаддаггүй юм байна. ИТХ нь Засаг даргаа шийтгэж чаддаггүй юм байна. Хүн бүр хуулийн өмнө тэгш байх зарчим алдагджээ.

Ийнхүү нээлттэй сонсголыг зохион байгуулсан гишүүд байр сууриа илэрхийлснээр “Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах, хянан шалгах, хариуцлага хүлээлгэх” сэдэвт нээлттэй сонсгол өндөрлөлөө.