Авлигатай тэмцэх газар “хүний амь”-нд хүрсэн гэдэг мэдээллийн тухай /2010.05.20/

A- A A+
Авлигатай тэмцэх газар “хүний амь”-нд хүрсэн гэдэг мэдээллийн тухай /2010.05.20/
“Нийслэл таймс” сонины 2010 оны тавдугаар сарын 18-ны өдрийн дугаарт нийтлэгдсэн “Авлигатай тэмцэх газрынхан “хvний ам”-нд хvрчээ” гэсэн гарчигтай мэдээнд Багахангай дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүн Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байхдаа мөрдөн байцаагчийн дарамтаас болж амиа хорлосон мэтээр бичжээ.

Энэ хүн нас барсан нь Авлигатай тэмцэх газартай ямар нэг байдлаар холбогдолгүй юм.

Сонины мэдээнд бичсэн шиг Багахангай дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан энэ хүнийг Авлигатай тэмцэх газарт эрүүгийн хэрэгт холбогдуулж шалгаагүй.

Харин 2010 оны хоёрдугаар сарын 2-нд /нас барахаас 20 хоногийн өмнө/ нэг л удаа Багахангай дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн төсөвт тусгагдсан мөнгөнөөс 10 сая төгрөгөөр худалдан авсан авто машин түүний нэр дээр бүртгэлтэй байсан учир шалтгааныг тогтоохоор гэрчээр байцаасан байна.

Нэг удаа гэрчээр байцаасан нь иргэн Х - г Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчийн дарамтад орж, амиа хорлосон гэх үндэслэл болох учиргүй биз ээ.

Багахангай дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан иргэн Х- нь гадны нөлөөтэй нас барсан эсэхийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс 2010 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр эрүүгийн 21040210 тоот хэрэг үүсгэн шалгаад, Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэр “Далан давхар” оршуулгын газарт хүнд зэргийн согтолттой осгож нас барсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар 2010 дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн прокурорт шилжүүлжээ.

Уг хэргийг Чингэлтэй дүүргийн хяналтын прокурор хянан үзээд, 21040210 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гаргасан байна.

Хууль хяналтын байгууллага иргэн Х-г нас барсан шалттгааныг тогтоохоор 2010 оны хоёрдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 12-ыг хүртэл хоёр сар шахамын хугацаанд шалгаад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэ байдал нь иргэн Х Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчийн дарамтанд орсноос амиа хорлосон мэтээр “Нийслэл таймс” сонины 2010 оны тавдугаар сарын 18-ны өдрийн дугаарт нийтлэгдсэн мэдээ /Уг мэдээ интернетийн www.olloo.mn, www.gogo.mn, www.zaluu.com зэрэг мэдээллийн сайтуудад тавигдсан/ үнэнд нийцэхгүй гэдгийг баталж буй юм.