Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Т.Батболд хөрөнгө, орлогоо санаатай худал мэдүүлжээ /2010.06.17/

A- A A+
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Т.Батболд хөрөнгө, орлогоо санаатай худал мэдүүлжээ /2010.06.17/
Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд улсын ерөнхий гүйцэтгэгч, хурандаа Т.Батболдын 2008, 2009 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав. Хяналт шалгалтаар Т.Батболд нь 2008, 2009 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ өөрийн болон гэр бүлийн гишүүдийн нэр дээрх автомашин, зээл, хадгаламж, компанийг мэдүүлээгүй нь тогтоогджээ.

Т.Батболд нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийг зөрчиж, хөрөнгө, орлогоо санаатай худал мэдүүлсэн нь улсын бүртгэл болон хяналтын байгууллагуудаас ирүүлсэн албан бичгүүд, мөн өөрийнх нь өгсөн тайлбар зэргээр нотлогдож байх тул Авлигатай тэмцэх газраас түүнд хариуцлага тооцуулахаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид албан бичиг илгээлээ. Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт хөрөнгө, орлогоо санаатай худал мэдүүлсэн этгээдийг албан тушаалаас нь огцруулах, түдгэлзүүлэх, халах зэргээр хариуцлага тооцох үндэслэлийг тодорхой заасан байдаг. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт “Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрийг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага түүний дагуу холбогдох арга хэмжээг заавал авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй” гэж заасан юм.

Авлигын эсрэг хуулиар хүлээсэн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүргээ Авлигатай тэмцэх газар урьдын адил хэрэгжүүлсээр байгаа бөгөөд энэ асуудал УИХ-ын байнгын хорооны түвшинд яригдах болсон цаг үед хууль тогтоомжийг хэрэгжүүлэх болон авлигаас урьдчилан сэргийлж ажиллах улс төрийн хүсэл зоригоо хэрхэн илэрхийлэх нь Хууль зүй, дотоод хэргийн сайдаас хамаарах ажээ.