Хорих 409 дүгээр ангийн дарга Ш.Булган хөрөнгө, орлогоо гурван жил худал мэдүүлжээ /2010.08.11/

A- A A+
Хорих 409 дүгээр ангийн дарга Ш.Булган хөрөнгө, орлогоо гурван жил худал мэдүүлжээ /2010.08.11/
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн нь тогтоогдсон төрийн албан хаагчдад хариуцлага тооцуулахаар Авлигатай тэмцэх газар урьдын адил ажиллаж байна. 2007, 2008, 2009 онуудад хөрөнгө, орлогоо худал мэдүүлж байсан нь тогтоогдсон ШШБЕГ-ын харъяа Хорих 409 дүгээр ангийн дарга, дэд хурандаа Ш.Булганд Авлигын эсрэг хуулийн 13.5-д заасан үндэслэлээр хариуцлага тооцуулахаар Авлигатай тэмцэх газраас наймдугаар сарын 2-нд ШШБЕГ-ын дарга, хурандаа М.Ганхүүд хандахад, тэрээр “Ш.Булганд сахилгын шийтгэл оногдуулсныг мэдэгдэе” гэсэн хариу ирүүлжээ.

Ш.Булган нь өөрийн нэр дээр бүртгэлтэй орон сууцны байрууд мэдүүлээгүй мөртлөө өөрийн дүүгийн нэр дээр бүртгэлтэй авто машиныг өөрийнх мэтээр мэдүүлсэн, мөн өөрт байхгүй малын тоо толгойг зохиомлоор нэмэгдүүлж мэдүүлсэн, банкинд байхгүй хадгаламжаа байгаа мэтээр худал мэдүүлсэн нь өөрийнх нь өгсөн тайлбар болон бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагаагаар нотлогдсон юм.

Тиймээс хөрөнгө, орлогоо санаатай худал мэдүүлсэн нь тогтоогдсон дээрх даргад гаргасан зөрчлөөс нь хамаарч Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13-5-д заасан үндэслэлээр буюу хөрөнгө, орлогоо санаатай худал мэдүүлсэн бол ажлаас нь халах, огцруулах, түдгэлзүүлэх үндэслэл болно гэсэн заалтын дагуу хариуцлага тооцуулахаар хандсан юм.

Гэвч түүнд удирдах дээд байгууллага нь буюу ШШБЕГ-ын дарга эрх мэдлийнхээ хэмжээнд сахилгын шийтгэл оногдуулан шийдвэрлэжээ.

Төрийн албан хаагч шударгаар ажиллахаар тангараг өргөсөн бол хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлэх үүргээ ч мөн биелүүлэх ёстой. Энэ үүргээ биелүүлээгүй албан тушаалтанд хуульд заасан үндэслэлээр хариуцлага тооцож чадахгүй байгаа удирдах дээд албан тушаалтныг авлигатай тэмцэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг биелүүлэх хүсэл сонирхолгүй байна гэж үзэхээс өөр аргагүй юм.