“Хувийн хэвшил дэх авлига” сэдвээр нээлттэй хэлэлцэнэ /2010.09.23/

A- A A+
“Хувийн хэвшил дэх авлига” сэдвээр нээлттэй хэлэлцэнэ /2010.09.23/
Авлигатай тэмцэх газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад шударга ёс, ил тод байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь” төсөл, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран “ХУВИЙН ХЭВШИЛ ДЭХ АВЛИГА” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг 2010 оны 09 сарын 27-ны өдөр Төр захиргааны “Элит” төвд зохион байгуулах гэж байна.

Эл хэлэлцүүлгийн үеэр НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хувийн хэвшилд холбогдох заалт, зохицуулалтад дотоодын хууль тогтоомжийг нийцүүлэх талаар хийсэн судалгааны дүнг танилцуулж, хувийн хэвшлийн төлөөллийн санал, зөвлөгөөг авах юм.

Хэлэлцүүлгийн зорилго нь хувийн хэвшлийн ажил олгогч эзэд, бизнес эрхлэгчдийн саналыг нэгтгэхэд чиглэгдэж байгаа бөгөөд тус хэлэлцүүлэгт уул уурхай, банк санхүү, худалдаа үйлчилгээ, барилга, хөдөө аж ахуйн салбарт ажилладаг ажил олгогч эзэд, бизнес эрхлэгчид болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцоно.

Хэлэлцүүлгээс гарсан саналд тулгуурлан НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид үндэсний хууль тогтоомжыг нийцүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм.

Дашрамд дурьдахад, НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтэд улс орнууд өөрийн үнэлгээ хийх ажлыг НҮБ өнгөрсөн оноос улс, орнуудад зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ ажлын хүрээнд 2010 оны дөрөвдүгээр сард НҮБ-ын Хар тамхи, мансууруулах бодис, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх албаны шинжээчид манай улсад хүрэлцэн ирж, НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтэд үнэлгээ хийх талаар арга зүйн туслалцаа үзүүлж, сургалт зохион байгуулж байсан юм.

Үүний дагуу НҮБ-ийн Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийн байдлыг судлах, дотоодын хууль тогтоомжийг тус конвенцид нийцүүлэх талаар судалгаа хийх, конвенцийн хэрэгжилтийн талаар тайлан гаргах зорилготой судлаачдын баг ажилласан бөгөөд цаашид судалгааны тайланг цуврал байдлаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.