Хувийн хэвшил дэх авлигын талаар ярилцлаа /2010.9.27/

A- A A+
Хувийн хэвшил дэх авлигын талаар ярилцлаа /2010.9.27/
Өнөөдөр Авлигатай тэмцэх газраас Ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Хувийн хэвшил дэх авлига” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Авлигатай тэмцэх газрын дэд дарга Д.Сундуйсүрэн болон Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нарын хөтөлж явуулсан нээлттэй хэлэлцүүлэгт уул уурхай, банк санхүү, худалдаа үйлчилгээ, барилга, хөдөө аж ахуйн салбарт ажилладаг ажил олгогч эзэд, бизнес эрхлэгчид болох 60 гаруй хүн хүрэлцэн ирж оролцсон.

Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсан болон оролцсон зарим хүмүүсийн үгийг сонссон юм.
Авлигатай тэмцэх газрын УССГХ-ийн ажилтан Д.Цэнд-Аюуш,

-Авлигын эсрэг хуулиар төрийн байгууллага, төрийн албан хаагчдад чиглэгдсэн авлигатай тэмцэх эрх зүйн орчныг тодорхойлж өгсөн байдаг. Өнөөдөр манай нийгэмд төрийн албаас гадна хувийн хэвшилд авлигатай тэмцэх тодорхой чиг үүрэг хүлээлгэх шаардлага тулгарч байна. Нөгөө талаар НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид хувийн хэвшлийн авлигыг зохицуулах тодорхой стандартуудыг зааж өгсөн байдаг. Тиймээс өнөөдөр болж буй нээлттэй хэлэлцүүлгээр хувийн хэвшил дэх авлига гэж юу болох, хувийн хэвшилд байгаа авлигыг яаж гаргаж ирэх, яаж тэмцэх вэ гэдгийг нээлттэй хэлэлцэж байна гэв.

Хэлэлцүүлгийн үеэр НҮБ –ын Авлигын эсрэг конвенцид тодорхойлсон хувийн хэвшил дэх авлигын асуудлыг зохицуулах холбогдох зүйл, заалтад дотоодын хууль тогтоомжийг нийцүүлэх талаар хийсэн судалгааны дүнг Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирлын орлогч Ж.Мөнх-Эрдэнэ танилцуулсан.
Судалгааны дүнгийн талаар тэрээр,

-Хувийн хэвшил дэх авлигатай тэмцэх, шалгаж, шийдвэрлэх эрх зүйн орчныг боловсруулж, НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нийцүүлэх шаардлагатай байгаа нь харагдаж байна. Тиймээс судалгааны дүнг хувийн хэвшлийн төлөөллийнхнөөр хэлэлцүүлж, цаашдаа эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэгдсэн санал, зөвлөмжийг нь авна гэсэн.

Хэлэлцүүлэгт оролцогчдод Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга Б.Батзориг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд явуулсан судалгааны дүнг мөн танилцууллаа. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын дунд явуулсан судалгаагаар “Хувийн хэвшилд авлига түгээмэл байдаг” гэж судалгаанд оролцогчдын 40,5 хувь нь үзсэн байна. Энэ нь хахууль өгөх замаар бизнесийнхээ үйл ажиллагааг хөнгөвчилж байгаатай шууд холбоотой болох талаар судалгаанд оролцогчид мөн дурьджээ. Гэвч хахууль өгснөөр цаг хугацаа алдах, бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхээс аргагүй болох зэрэг сөрөг үр дагавруудыг авчирдаг гэж АТГ-ын Судалгаа, шинжилгээний албаны дарга Б.Батзориг ярьж байсан юм. “Орон сууцны үнэ өндөр байгаагийн цаана авлига бий юу” гэсэн асуултад тэрээр “Олон улсын хэмжээнд тухайн бараа бүтээгдэхүүний бодит үнээс давсан үнэлгээ зах зээлд гарч ирж байгаа бол үүний цаана авлига хээл хахуультай ямар нэгэн байдлаар холбоотой асуудал байгааг илэрхийлдэг” гэсэн хариулт өгсөн.

Өнөөдөр болсон хэлэлцүүлгийн зорилго нь хувийн хэвшил дэх авлига гэж юуг хэлэх вэ гэдэг ойлголтод ажил олгогч эзэд, бизнес эрхлэгчдийн саналыг нэгтгэх, мөн хувийн хэвшил дэх авлигатай тэмцэхэд үндэсний хууль тогтоомжийг НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нийцүүлэх чиглэлээр ажил олгогч эзэд, бизнес эрхлэгчдийн саналыг сонсоход чиглэгдэж байсан юм.

Хэлэлцүүлгийн үеэр “Далай ван” аудит ХХК-ийн ерөнхий захирал Ц.Жигдэн,
-Хувийн хэвшил дэх авлига гэсэн ийм хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа нь цагаа олсон тун чухал арга хэмжээ болж байна. Хувийн хэвшлийнхэн өнөөдөр хэн нэгэнд авлига өгдөг үү өгдөг. Гэхдээ багтааж ядсан мөнгө гэж байдгүй болохоор ажлаа явуулахын тулд, бизнесээ хөгжүүлэх гэж л өгч байгаа. Тиймээс хувийн хэвшил дэх авлигатай тэмцэхийн тулд эрх зүйн орчинд өөрчлөлт хийхээс эхлээд бидэнд шийдэх асуудал их бий. Хамгийн наад зах нь авлига өгсөн хүн тэр гэм буруугаа илчилж хуулийн байгууллагад очсон бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгддөг байсан заалтыг манай улс Эрүүгийн хуулиас хассан. Ингэснээр хувийн хэвшилд гэлтгүй нийгэмд авлигыг далд хэлбэрт оруулж, тэтгэж байгаа.

Тиймээс би өнөөдөр хэлэлцүүлгийн үеэр хуулийн энэ заалтыг сэргээж оруулах талаар саналаа хэлсэн. Мөн Татварын өршөөлийн хууль гэж гаргасан шиг төрийн албан хаагчдад болон өөр хэн нэгэнд авлига өгсөн хувийн хэвшлийн ажил олгогч эздийг өршөөлд хамруулах хууль санаачлан, батлуулах хэрэгтэй байна. Тэгвэл авлига өгснөө сайн дураараа илчлэх хүн цөөнгүй байна байх, бас нэлээн л олон авлигын хэрэг илрэх байх хэмээн саналаа хэлж байлаа.

Авлигатай амжилттай тэмцэхийн тулд зөвхөн төрийн байгууллага гэлтгүй төрийн байгууллага болон хувийн хэвшил дэх авлигын асуудалтай зэрэг тэмцэх хэрэгтэй. Алиныг нь ч орхигдуулж болохгүй. Хувийн хэвшил дэх авлигын асуудалтай тэмцэхийн тулд эрх зүйн орчиндоо тодорхой зохицуулалтыг нэмж хийх хэрэгтэй байна гэж олон хүн хөндөж байсан.

Мөн хэлэлцүүлэгт оролцогчид хувийн хэвшил дэх авлигатай тэмцэхийн тулд “Энэ асуудлыг Эрүүгийн хуульд тусгай бүлэг болгон оруулахад ч буруудахгүй”, “Одоо мөрдөж байгаа хуульд хээл хахууль өгсөн бол гэж байдаг. Гэтэл үүний цаана амласан, санал болгосон, хээл хахууль өгөхөөр хөөцөлдсөн бол гэдэг асуудал зохицуулалтгүй орхигдож байгаа”, “Хувийн хэвшлийн авлигатай тэмцэхийн тулд төр хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хэтэрхий их оролцож, хутгалдаж болохгүй” гэх зэргээр санал гаргаж байлаа.

Хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан саналд тулгуурлан хувийн хэвшил дэх авлигатай тэмцэхийн тулд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид үндэсний хууль тогтоомжийг нийцүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм.