Орон нутгийн төрийн албан хаагчдад авлигатай тэмцэх, шударга ёсны сэдвээр сургалт явуулж байна /2010.09.28/

A- A A+
Орон нутгийн төрийн албан хаагчдад авлигатай тэмцэх, шударга ёсны сэдвээр сургалт явуулж байна /2010.09.28/
Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж буй “Шударга ёсны төлөө-2010” арга хэмжээний хүрээнд 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нар нийслэлд цуглаж, авлигаас урьдчилан сэргийлэх, шударга ёсыг тогтоох чиглэлээр мэдлэг эзэмшүүлэх сэдэвчилсэн сургалтад хамрагдаж байна. Тэдэнтэй хамт аймгуудын Засаг даргын Тамгын газрын болон ИТХ-ын ажлын албаны ажилтнууд сургалтад оролцож байгаа юм.

Орон нутгийн түвшинд авлигаас урьдчилан сэргийлэх, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, аймгуудын Авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөний хэрэгжилтэд арга зүйн туслалцаа хүргэх зорилгоор Авлигатай тэмцэх газраас энэхүү арга хэмжээг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад шударга ёс, ил тод байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь” төсөлтэй хамтран зохион байгуулж байна.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэн, Судалгаа шинжилгээний албаны дарга Б.Батзориг нарын албаны хүмүүс авлигатай тэмцэх стратеги, төрийн албаны ёс зүй, ашиг сонирхлын зөрчлийг удирдах, авлигатай тэмцэх үйл ажиллагааны төлөвлөлт, авлигын индексийн үр дүн зэрэг сэдвүүдээр мэдлэг эзэмшүүлэх сургалтыг удирдан явуулах ажээ. Хууль зүйн үндэсний төвд өнөөдөр эхэлсэн энэхүү арга хэмжээ 3 өдрийн туршид үргэлжлэх юм байна.