Хуулийн байгууллагууд ойлголтоо нэгтгэж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр санал нэгдлээ /2010.10.05/

A- A A+
Хуулийн байгууллагууд ойлголтоо нэгтгэж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр санал нэгдлээ /2010.10.05/
Монгол Улсын хууль тогтоомжийг Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нийцүүлэх чиглэлээр хуулийн байгууллагуудын оролцоог нэгтгэхэд чиглэсэн уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Уг хэлэлцүүлэгт ХЗДХЯ, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн үндэсний комисс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, цагдаа, шүүх, прокурорын байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид Монгол Улсын хууль тогтоомжийг нийцүүлэх чиглэлээр ажиллахад хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа ямар байх ёстой талаар нээлттэй, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлсэн.



Үүний дүнд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид Монгол Улсын хууль тогтоомжийг нийцүүлэх чиглэлээр ойлголтоо нэгтгэж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр санал нэгдлээ.

Хэлэлцүүлгийн үеэр “Авлигын гэмт хэргийг мөрдөн шалгахад хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, өнөөгийн байдал” сэдвээр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2 дугаар тасгийн дарга Д.Наранбаатар илтгэл тавьж, хэлэлцүүлсэн.
Тэрээр,
-Ер нь авлигатай тэмцэнэ гэдэг нь ганц нэг байгууллагын эрхлэн гүйцэтгэх ажил биш, хууль тогтоох дээд байгууллага, улс төрчдийн хүсэл эрмэлзлэл, төрийн болон төрийн бус байгууллагууд тэр тусмаа хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнгээс ихээхэн шалтгаална. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хээл хахууль, албан тушаалын гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлж, гэмт этгээдийг олж тогтоох, гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг бүрт зохих ялыг шударгаар оногдуулах зорилтыг хангахад шүүх эрх мэдлийн хийгээд хууль сахиулах үүрэг бүхий төрийн байгууллагуудын нэгдмэл хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоо, хууль хэрэгжүүлэгч ажилтнуудын хуулийг нэг мөр ойлгох, хэрэглэх, чадвар туйлын чухал юм.

Тухайлбал, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 48 дугаар зүйлийн 2-т Оролцогч улсууд хууль хяналтын байгууллагуудынхаа хооронд шууд хамтын ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор хоёр болон олон талын хэлэлцээр, тохиролцоо байгуулах, урьд нь байгуулсан ийм хэлэлцээр, тохиролцоо байгаа бол шинэчлэх асуудлыг судлаж үзэх талаар заасан. Түүнчлэн зохимжтой тохиолдолд Оролцогч улсууд хууль хяналтын байгууллагуудынхаа хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хэлэлцээр, тохиролцоо, тэр дундаа олон улсын болон бүс нутгийн байгууллагуудын механизмыг бүрэн ашиглах талаар заасан байдаг.

Конвенцийн бодит хэрэгжилтийн хүрээнд Авлигатай тэмцэх газар нь ҮАГ, ЦЕГ-тай хамтран ажиллах санамж бичиг үйлдсэн, АТГ-ын санаачлагаар ТЕГ, ЦЕГ, ХХЕГ, УЕП –ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга нарын хамтарсан тушаалаар “Зорчигч тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрэхэд саатуулж, шийдвэрлэх журмыг” баталж дагаж мөрдөн ажиллаж байна. Мөн МХЕГ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар хоёр талаас ажлын хэсэг гаран ажиллаж байгаа
Цаашид Хууль хяналтын болон төрийн бусад байгууллагуудтай хамтран ажиллах уялдаа холбоогоо илүү өргөжүүлэн ажиллах шаардлагатай байна.

Тухайлбал, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагуудтай хээл хахууль, албан тушаалын гэмт хэргийг шалган шийдвэрлэхтэй холбоотой үйл ажиллагааг хамтран зохицуулах асуудлаар шаардлагатай баримт бичиг, санамж бичиг байгуулах, Шүүх, прокурор, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий байгууллагуудын нэгдсэн сүлжээ болон мэдээллийн сан бий болгох, албан тушаалын гэмт хэргийг хянан шийдвэрлэж буй талаар шүүх, прокурорын байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд тогтмол уулзалт зохион байгуулах нь зүйтэй хэмээн ярьж байлаа.

Хэлэлцүүлэгт оролцогчид Авилгалын эсрэг НҮБ-ын конвенцийн үзэл баримтлалд нийцүүлэн одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, тогтоомжын хүрээнд авлигаас урьдчилан сэргийлэх, түүнийг илрүүлэх, таслан зогсоох, хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл бэрхшээл учирч байгааг харгалзан Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Авлигын эсрэг хуулийг боловсронгуй болгох, шүүх эрх мэдлийн хийгээд хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд хуулийг нэг мөр ойлгох, хуулийн хэрэгжилтийн талаар хамтарсан зөвлөгөөн хийх, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоомогц арилгуулах арга хэмжээг хуулийн хүрээнд хамтарч зохион байгуулах, хууль сахиулах байгууллагуудын хоорондын мэдээллийг цаг алдалгүй шуурхай солилцох техник, технологийн боломж нөхцлийг бүрдүүлэх үүднээс нэгдсэн сүлжээ, мэдээллийн сан бий болгох саналуудыг дэвшүүлж байлаа.

Хэлэлцүүлгийн зорилго Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж, санал боловсруулахад чиглэсэн.

Авлигатай тэмцэхэд хамгийн боловсронгуй, хамгийн чухал түлхэц өгөх эрх зүйн баримт бичиг болох Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид Монгол Улсын хууль тогтоомжийг нийцүүлэхийн төлөө Монгол Улсын хуулийн байгууллагууд хэрхэн ажиллах, хамтын ажиллагаа нь ямар байх ёстой вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэгт оролцогч байгууллагууд үгээ хэлж, санал бодлоо чөлөөтэй солилцсон энэхүү хэлэлцүүлгийг Авлигатай тэмцэх газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Монгол Улсад шударга, ил тод байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь” төсөлтэй хамтран зохион байгуулсан.