Төв аймгийн засаг дарга Ц.Энхбат ашиг сонирхлын зөрчилгүй ажиллана гэдгээ аймгийнхаа ард иргэдэд мэдэгдлээ /2010.10.17/

A- A A+
Төв аймгийн засаг дарга Ц.Энхбат ашиг сонирхлын зөрчилгүй ажиллана гэдгээ аймгийнхаа ард иргэдэд  мэдэгдлээ /2010.10.17/
Төв аймагт “Авлигагүй төр, шударга ёс, ил тод байдал” сэдэвт арга хэмжээ боллоо.

 Авлигатай тэмцэх газар, АНУ-ын Азийн сан, ХЗДХЯ, Төв аймгийн ЗДТГ уг арга хэмжээг хамтран зохион байгуулсан юм.

            Авлигын эсрэг олон улсын өдөр буюу арванхоёрдугаар сарын 9-нийг угтаж Авлигатай тэмцэх газраас улсын хэмжээнд зохион байгуулж буй арга хэмжээний хүрээнд болсон “Авлигагүй төр, шударга ёс, ил тод байдал” сэдэвт эл арга хэмжээ нь хоёр үе шаттай болсон бөгөөд эхний шатанд Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбат болон тус аймгийн Аргалант сумын засаг дарга Д.Баяр, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга С.Оюунцэцэг, аймгийн Татварын хэлтсийн дарга Ч.Адъяасүрэн нарын удирдах албан тушаалтнууд авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлэлээ илэрхийлж, шударга ёсыг тогтоон, төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, нээлттэй, хүнд сурталгүй хүргэж, иргэний нийгмийн байгууллагын идэвхтэй оролцоог дэмжин, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллана гэдгээ аймгийнхаа ард иргэдэд уншиж мэдэгдсэн.

            Түүнчлэн, засаг дарга Ц.Энхбат сүүлийн жилүүдэд аймгийнхаа хэмжээнд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажлаасаа танилцууллаа.

Аймгийн хэмжээнд шударга ёс, ил тод байдлыг хангах чиглэлээр хийсэн ажилд   АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Балу Айр сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж, цаашид улам үр бүтээлтэй, амжилттай ажиллахыг хүсэв.

АНУ-ын Азийн сан нь манай улсад цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд 2008 оноос Авлигатай тэмцэх газар, ЗГХЭГ-тай хамтран улсын хэмжээнд Авлигын эсрэг төслийг хэрэгжүүлж байгаа юм.

            “Авлигагүй төр, шударга ёс, ил тод байдал” арга хэмжээний хоёр дахь шатанд Авлигатай тэмцэх газрын ажилтнууд аймгийн төр захиргааны байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан, ажилтан 130 хүнд “Төрийн албаны ёс зүй”, “Ашиг сонирхлын зөрчил, түүнийг удирдах нь”, “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” сэдвээр сургалт өгсөн бол ХЗДХЯ-ны мэргэжилтэн “Хүний эрхийн үндэсний хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх нь” сэдвээр лекц уншсан.

            Төв аймагт бүтэн өдрийн турш болж өндөрлөсөн дээрх сургалт, арга хэмжээнд хамрагдсан төрийн захиргааны байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан, ажилтнууд “Төрийн албан хаагч ашиг сонирхлын зөрчлөө тодорхойлж, таньж мэдэж, ашиг сонирхлын зөрчилд өртөхгүй ажиллах талаар болон бусад чиглэлээр мэдлэг, мэдээлэлтэй боллоо” хэмээн санал бодлоо илэрхийлж байв.