Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны дэд дарга нар албадан дуудлага худалдаанд биечлэн оролцож, хянадаг болжээ /2010.10.21/

A- A A+
Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны дэд дарга нар албадан дуудлага худалдаанд биечлэн оролцож, хянадаг болжээ /2010.10.21/

Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны ахлах нягтлан бодогч Х.Ундралмаа, нягтлан бодогч А.Нандинжаргал нар шүүхийн шийдвэрээр хураагдсан орон сууцны байрыг худалдах албадан дуудлага худалдаа эрхэлж явуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, иргэн О-г 6.6 сая төгрөгөөр хохироосон хэргийг Авлигатай тэмцэх газар шалгаж, дээрх ажилтнууд шүүхээс 1.6-1.8 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан билээ. Дуудлага худалдаанаас иргэн М тухайн орон сууцны байрыг 50.1 сая төгрөгөөр худалдаж авсан байхад Х.Ундралмаа, А.Нандинжаргал нар 43.5 сая төгрөгөөр худалдсан гэж хуурамч тэмдэглэл үйлдэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглажээ. Үүнээс болж шүүхийн шийдвэрээр орон сууцны байраа хураалган, албадан дуудлага худалдаанд оруулсан иргэн О-д 6.6 сая төгрөгийн хохирол учирсан байна. Хэргийг илрүүлэх үед тэдгээр ажилтнууд дээрх мөнгийг иргэн О-д буцаан олгосон юм.

Авлигатай тэмцэх газар албан тушаалын ямар нэгэн гэмт хэргийг илрүүлээд, шалгаж шийдвэрлүүлээд орхидоггүй. Хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлэх үедээ тухайн гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах чиглэлээр тодорхой, дэс дараатай арга хэмжээ авдаг бөгөөд үүний нэг нь Мөрдөн байцаагчийн мэдэгдэл юм. Мэдэгдэл нь тухайн гэмт хэргийг дахин гаргуулахгүй байх зорилгоор өгдөг нэг төрлийн зөвлөмж бөгөөд түүнийг ягштал хэрэгжүүлэх нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой. Авлигатай тэмцэх газраас Мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж буй талаар газар дээр нь очиж биечлэн танилцдаг бөгөөд өдгөө улс орон даяар өрнөж байгаа “Шударга ёсны төлөө-2010” арга хэмжээний хүрээнд мэдэгдлийн дагуу бодитой, үр дүнтэй ажил зохион байгуулсан албан тушаалтныг сурталчлан ажиллаж байна.

Энэ дагуу Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Д.Дамдинцэрэнд Мөрдөн байцаагчийн мэдэгдэл хүргүүлжээ. Уг мэдэгдэлд, “Албан тушаалтан нь хууль тогтоомж, дүрэм журмаар тогтоосон эрх үүргээ зөрчиж, дээд шатны албан тушаалтны хууль бус үүрэг даалгаврыг мэдсээр байж биелүүлж гүйцэтгэвэл зохих үүргээ хэрэгжүүлээгүй. Албадан дуудлага худалдааг явуулахдаа хууль ёсны өмчлөгч буюу төлбөр төлөгчид ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар танилцуулдаггүй. Албаны даргын тушаалаар томилогдсон албадан дуудлага худалдаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудын ажлын уялдаа холбоо, зохион байгуулалт муу, тэдгээрийн үйл ажиллагаанд тавих хяналт сул зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ” гэсэн байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 190 дүгээр хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд тус тус заасны дагуу Мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр тодорхой, үр дүнтэй арга хэмжээ авч, танилцуулах нь тухайн албан тушаалтны хүлээсэн үүргийн нэг билээ. Уг мэдэгдлийн мөрөөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дэд дарга, хошууч С.Өлзийбаяр зарим ажил хийснээ Авлигатай тэмцэх газарт хариу мэдэгдэв. Үүнд, тус алба үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг зохион байгуулахдаа телекамераар бичлэг хийж баримтжуулан, хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулдаг, дуудлага худалдаанд албаны дэд дарга нар биечлэн оролцож, явцад нь хяналт тавьдаг болсон зэрэг арга хэмжээг авч байгаа талаар танилцуулсан байна. Түүнчлэн ийм төрлийн гэмт хэрэг цаашид дахин гаргахгүй байхаар ажиллаж байгаагаа хариу мэдэгджээ.