Б.Энхбат: Мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр ажиллаж байна

A- A A+
Б.Энхбат: Мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр ажиллаж байна

Шударга ёсны төлөө-2010” арга хэмжээний хүрээнд Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр Сэлэнгэ аймагт ажиллах үеэр тус аймгийн Баянгол сумын Засаг дарга Б.Энхбаттай манай сурвалжлагч уулзаж, ярилцав.

-Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Х.Даваахүү, Байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай М.Ганбаяр, Төрийн сангийн төлөөлөгч ажилтай Г.Гэрэлчулуун нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Энэ дагуу гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар Авлигатай тэмцэх газраас Мөрдөн байцаагчийн мэдэгдэл танд хүргүүлжээ. Мэдэгдэлд дурдсан 12 зүйлийн ажлуудыг хэрхэн гүйцэтгэж байна вэ?

-Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын санхүү хариуцсан эрх бүхий албан хаагч нар өөрсдийн өдөр тутмын үйл ажиллагаанд Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, дүрэм журмыг мөрдлөг болгодоггүй, анхан шатны баримтын бүрдлийг бүрэн хангаж ажилладаггүй зэргээс болж дээрх гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч үзсэн байсан. Түүнчлэн тус сумын нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээс “Байгаль орчны сан” болон “Сум хөгжлийн сан”-д их хэмжээний хөрөнгө төвлөрүүлэн авдаг боловч сумын сангуудын мөнгөн хөрөнгийг анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримтгүйгээр захиран зарцуулах, нэг ба хоёрдугаар гарын үсэггүйгээр дур мэдэн зарцуулдаг, түүнд тавигдаж буй дотоодын хяналт сул байгаагаас хөрөнгө үрэгдэж болзошгүй, эд хөрөнгө бүртгэх, хадгалах эрх үүрэг бүхий албан хаагчийн бүртгэл, ажлын хариуцлага сул, орон нутгийн өмчид бүртгэлтэй эд хөрөнгийн бүртгэл, тооцоо бүрэн биш, хариуцлагагүй ханддаг зэрэг байдлуудаас гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг бүрдүүлжээ. Тиймээс цаашид ийм гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн нөхцөл, шалтгааныг арилгах чиглэлээр миний нэр дээр 12 зүйл бүхий арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг мэдэгдсэн юм. Энэ дагуу манай сумын Засаг даргын Тамгын газраас Мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр тодорхой, үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар 9 арга хэмжээг бүрэн төгс авч хэрэгжүүлсэн. Энэ тухайгаа Авлигатай тэмцэх газарт мэдэгдсэн байгаа.

-Мөрдөн байцаагчийн мэдэгдэлд гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр авах ёстой арга хэмжээнүүдийг тодорхой зааж өгдөг юм уу?

-Тийм ээ. Албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлж ажиллахын тулд юун дээр анхаарах ёстойг нэгбүрчлэн тусгаж өгдөг юм билээ. Тухайн гэмт хэргийг мөрдөн шалгах явцад юу нь болж байна, юу нь болохгүй байна вэ гэдгийг нэлээд үндэс суурьтайгаар тогтоочихдог юм байна. Манай сумын хувьд мэдэгдлийн дагуу анхаарч ажиллах асуудал бүрийг ширхэгчлэн биелүүлээд байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн сумдад үнэгүй тараагдсан сүү хөргүүрийн тоног төхөөрөмжийг сумын Засаг даргын Тамгын газрын өмчид бүртгэн цаашид ашиглах талаар гэрээ байгуулж, журам гарган ажиллаж байна. Сумын Байгаль орчны хяналтын улсын албанд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслийг мөн сумын Засаг даргын Тамгын газрын өмчид бүртгэн гэрчилгээг өөрчилсөн. Усан хангамж төслийн ажлыг мэргэжлийн багаар гэрээ байгуулан гүйцэтгүүлж, одоогийн байдлаар 70 өрхөд туршилтын журмаар ус түгээн ажиллаж байна. Мандал суманд 2008 онд худалдсан шавар зуурагчийг буцаан авч сэлбэг болгон ашигласан. Өмнө нь манайд төрийн сангийн төлөөлөгч нь Засаг даргын Тамгын газрын санхүүчийн ажлыг давхар эрхэлж байсан бол одоо энэ ажил үүргийн хуваарийг салгаж, тусдаа хүн томилон ажиллуулж байна.

-Ерөнхийдөө санхүүгийн данс, эд хөрөнгийн бүртгэл, бичиг баримтын эмх замбараагүй байдлаас улбаалж гэмт хэрэг гарах нөхцөл бүрдсэн юм байна. Мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр хийж дуусгаагүй ажлууд нь юу байна вэ?

-Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг дарга асан Мөнхдалайгаас 1.800.000 төгрөгийн авлагатай. Үүнийг харьяаллынх нь шүүхээр шийдвэрлүүлэхээр хандчихсан байгаа. “Хуурай ам” ХХК-тай холбоотой 1.450.000 төгрөгийг буруутай этгээдээс энэ сард багтааж гаргуулан авахаар болсон. Агро паркийн зориулалтаар зоорь барих бэлтгэл ажлыг “Түмэнхараа” ХХК гүйцэтгэж байгаа. Зоорийг энэ сард багтаан дуусгахаар болсон.