Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийг хангахад НҮБ онцгой анхаарал хандуулж байна /2010.10.21/

A- A A+
Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийг хангахад НҮБ онцгой анхаарал хандуулж байна /2010.10.21/

Олон улсын түвшинд авлигын гэмт хэрэгтэй тэмцэх ажлын үр нөлөө, үр өгөөжийг дээшлүүлэх нь Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийг хэрэгжүүлэхтэй шууд холбоотой. Тиймээс ч НҮБ Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийг хангах асуудалд онцгой анхаарал хандуулж байна.

2009 онд Катар Улсын Доха хотноо Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нэгдэж орсон улс, орнуудын бага хурлын гуравдугаар чуулган болж, уг чуулганаас конвенцийн хэрэгжилтийг хянаж, үнэлэх механизмыг баталсан. Үүний дагуу Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нэгдэж орсон улс орон бүр тус конвенцийг хэрхэн хэрэгжүүлж байгааг үнэлэх болсон юм.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нэгдэж орсон улс, орнуудын бага хурлын чуулганаас баталсан конвенцийн хэрэгжилтийг хянаж, үнэлэх механизмын дагуу улс, орнууд конвенцийг хэрэгжүүлтийг үнэлэх ажлаа эхлээд байна.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нэгдэж орсон улс орнууд конвенцийг хэрхэн хэрэгжүүлж байгаадаа харилцан үнэлгээ өгдөг. Манай улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийг үнэлэх ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа цөөн улс, орнуудын нэг бөгөөд энэ онд манай улсын шинжээчид НҮБ-ын нэрийн өмнөөс Сао Томе Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийг хэрхэн хэрэгжүүлж байгаад үнэлгээ өгнө.

Түүнчлэн, манай улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн заалтуудыг хэрхэн хэрэгжүүлж, хангаж байгааг үнэлэх зорилгоор холбогдох байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг энэ онд байгуулагдаж, эхний шатны ажлуудыг хийгээд байна.

Конвенцийг улс орнууд хэрхэн хэрэгжүүлж байгааг үнэлэх ажлын дэс дарааллын дагуу манай улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаараа ажлын хэсгээс гаргасан дэлгэрэнгүй мэдээллийг өөрийн үнэлгээний хуудсаар НҮБ-ын Авлига, эдийн засгийн гэмт хэргийн салбарт хүргүүлэх бөгөөд манай улсын хүргүүлсэн мэдээлэлтэй НҮБ-ын шинжээчид танилцана. Дараагийн шатанд шинжээчид ирэх арваннэгдүгээр сард манай улсад айлчилж, конвенцийн хэрэгжилтийн байдалтай газар дээр нь танилцах юм. Ингэхдээ конвенцийг хэрэгжүүлэх чиглэлээр үүрэг хүлээсэн холбогдох байгууллагууд болон Авлигатай тэмцэх газарт ажиллана.

Үүний дараа НҮБ-аас Монгол Улсад Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хэрэгжилт ямар түвшинд байгаа, цаашид ямар конвенцийн хэрэгжилтийг хангах чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх, конвенцийг хэрэгжүүлэхийн тулд ямар төрлийн техникийн туслалцаа хэрэгтэй байгааг үнэлсэн дүгнэлтээ гаргах юм.