Зураачдын дунд шог зургийн уралдаан зарлаж байна /2010.11.02/

A- A A+
Зураачдын дунд шог зургийн уралдаан зарлаж байна /2010.11.02/


Авлигатай тэмцэх газраас улс орон даяар зохион байгуулж буй “Шударга ёсны төлөө-2010” арга хэмжээний хүрээнд зураачид, дүрслэх урлагийн чиглэлээр суралцаж буй оюутнууд болон чөлөөт уран бүтээлчдийн дунд шударга бус явдлыг үзүүлсэн шог зургийн уралдааныг зарлаад байна. Шог зургийг А3 формат бүхий цаасан дээр харандаагаар, тосон будгаар, усан будгаар бүтээж болох бөгөөд бүтээлийнхээ баруун доод буланд оролцогч өөрийн нэр, алдар болон шог зурагт өгсөн нэрийг тавьсан байх ёстой ажээ.

Уралдаанд тэргүүн байр эзэлсэн бүтээлийг 300 мянган төгрөг, дурсгалын зүйлээр урамшуулж, хоёр ба гуравдугаар байраас гадна тусгай шагналууд байгаа юм байна. Энэ сарын 18-ны өдрөөр тасалбар болгон уралдаанд оролцуулах бүтээлүүдийг Авлигатай тэмцэх газарт хүлээн авах аж. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргахын зэрэгцээ эмхэтгэн хэвлүүлж, олон нийтийн хүртээл болгох юм байна.

Жил бүрийн 12 дугаар сарын 9-нд тохиох Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр явуулж буй Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд зураач, уран бүтээлчдийн оролцоог нэмэгдүүлэх, олон нийтэд шударга бус явдлыг жигших үзэл санааг бий болгох, нийгмийн шударга ёсыг хөхиүлэн дэмжих зорилгыг агуулж байгаа ажээ.