НҮБ-ын шинжээчид Монголд ирлээ. /2010.11.22/

A- A A+
НҮБ-ын шинжээчид Монголд ирлээ. /2010.11.22/

НҮБ-ын шинжээчид Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийг үнэлэхээр ирлээ.

НҮБ-ын шинжээчдийн баг манай улсад 2010 оны арваннэгдүгээр сарын 20-27 ны өдрүүдэд ажиллаж байна.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Ч.Сангарагчаа шинжээчдийн багийн бүрэлдэхүүнийг 22-ны даваа гаригийн өглөө хүлээн авч уулзсанаар шинжээчид албан ёсны үйл ажиллагаагаа эхэллээ.

НҮБ-ын шинжээчид манай улсад ажиллах хугацаандаа Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийг хэрэгжүүлэх чиглэлээр үүрэг хүлээдэг Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Дээд Шүүх, Сангийн яам, тус яамны Худалдан авах ажиллагааны бодлогын газар, Улсын Ерөнхий Прокурорын Газар, Цагдаагийн ерөнхий газар, Монгол Банк, Төрийн албаны зөвлөл, Гадаад харилцааны яам, Үндэсний Аудитын газар зэрэг байгууллагууд болон Монгол ажил олгогч эздийн холбоо, Транспаренси Интернэшл Монгол ТББ зэрэг байгууллагуудаар орж, холбогдох удирдах ажилтнуудтай нь уулзалт ярилцлага хийхээр төлөвлөөд байна.

Үүний дараагаар Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хэрэгжилтэд өөрийн үнэлгээ хийж буй үндэсний шинжээчдийн багийнхантай уулзана.

2009 онд Катар Улсын Доха хотноо Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нэгдэн орсон орнуудын бага хурлын гуравдугаар чуулганаар Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийг хянаж, үнэлэх механизмыг баталж, оролцогч улс бүр конвенцийг хэрхэн хэрэгжүүлж байгааг таван жил тутамд нэг удаа хянан үнэлж байхаар шийдвэрлэжээ.

Энэ дагуу Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нэгдэн орсон улс орон бүр тус конвенц үндэсний хэмжээнд хэрхэн хэрэгжиж байгаад үнэлгээ хийх зорилгоор конвенцид тодорхой зүйл заалт тус бүрээр нь судалгаа хийх, хэдийгээр конвенцийн үзэл баримтлал үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон боловч хөрсөн дээр хэрэгжиж байгаа эсэхийг тогтоох, хангалтгүй хэрэгжиж байгаа зүйл заалтуудыг хэрхэн хэрэгжүүлэх талаар санал боловсруулах үндсэн чиг үүрэг бүхий шинжээчдийн баг болон удирдах зөвлөлийг төрийн болон хувийн хэвшил, иргэний нийгмийн төллөөллийг оролцуулан байгуулахаар болж, үндэсний шинжээчдийн багийг томилон ажиллуулж байгаа юм.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад шударга ёс, ил тод байдлыг хөгжүүлэхэд Дэмжлэг Үзүүлэх” төслийн хүрээнд үндэсний шинжээчдийн багийг ажиллуулж байгаа ба шинжээчдийн баг нь одоогоор Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн III, IV дүгээр бүлгүүдэд өөрийн үнэлгээг хийж дуусгаад байна.

Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн Монгол Улс дахь хэрэгжилтийн байдалд үнэлгээ хийх НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны шинжээчдийн баг холбогдох байгууллагуудаар явж, үндэсний шинжээчдийн багийн гишүүдтэй уулзсаны дараагаар Авлигатай тэмцэх газрын удирдлагуудтай уулзалт хийж манай улс дах үйл ажиллагаагаа өндөрлөх юм.