“Шударга ёс–2010” Шог зургийн уралдааны дүн гарав /2010.12.06/

A- A A+
“Шударга ёс–2010” Шог зургийн уралдааны дүн гарав /2010.12.06/
Авлигатай тэмцэх газраас улс орон даяар зохион байгуулж буй “Шударга ёсны төлөө-2010” арга хэмжээний хүрээнд зураачид, дүрслэх урлагийн чиглэлээр суралцаж буй оюутнууд болон чөлөөт уран бүтээлчдийн дунд зарласан шударга бус явдлыг үзүүлсэн шог зургийн уралдааны дүн гарлаа.



Жил бүрийн арван хоёрдугаар сарын 9-нд тохиох авлигын эсрэг олон улсын өдрийг угтан үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр явуулж буй Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд зураач, уран бүтээлчдийн оролцоог нэмэгдүүлэх, олон нийтэд шударга бус явдлыг жигших үзэл санааг бий болгох, нийгмийн шударга ёсыг хөхиүлэн дэмжих зорилгоор зохион байгуулсан уг уралдаанд нийт 20 зураач 53 шог зургаа ирүүлсэн байна.

Уралдаанд зураач Б.Болдбаатарын “Хөрөнгө, орлогоо мэдүүлсэн нь” сэдэвт шог зураг шалгарч, тэргүүн байрыг эзэлжээ. Хоёрдугаар байрт шог зураач С.Цогтбаярын “Тулгалт”, Дүрслэх урлагийн дээд сургуулийн оюутан Л.Батбилэгийн “Өнөөгийн Монгол Улс”, гуравдугаар байрт зураач А.Батбаяр, Ц.Намжилдорж нарын бүтээлүүд тус тус шалгарав. Зураач Д.Ерөө, Т.Энхбаатар, Ц.Мөнхбат нар тусгай шагнал гардуулахаар шийдвэрлэжээ.

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг Монголын Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд 12 дугаар сарын 9-ний өдөр дэлгэн, олон нийтэд үзүүлэхийн зэрэгцээ эмхэтгэл болгон хэвлүүлнэ.