МЭНДЧИЛГЭЭ

A- A A+
МЭНДЧИЛГЭЭ
Өнөөдөр Авлигын эсрэг олон улсын өдөр.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 12 дугаар сарын 9-нийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн зарлан тунхагласнаас хойш Авлигын эсрэг НҮБ-ын далбаан дор нэгдсэн улс орнууд энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Улсын Их Хурал 2005 оны аравдугаар сарын 27-ны өдөр Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийг соёрхон баталснаар Монгол Улс олон улсын хэмжээнд авлигатай тэмцэх үйлсэд нэгдсэн юм.

Авлигын эсрэг олон улсын өдрийг улс орнууд шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө хүчээ нэгтгэх үзэл, бодлогоор тэмдэглэж байна. Манай улс, Монгол Улсын Авлигатай тэмцэх газар авлигын эсрэг олон улсын өдрийг “Шударга ёсны төлөө - 2010” уриан дор мөн тэмдэглэж байна.

Энэ өдөр баярын өдөр бус тэмцлийн өдөр билээ. Нийгэмд шударга ёсыг тогтоон, бэхжүүлэхийн төлөө төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийт хүсэл эрмэлзлэлээ илэрхийлж, дуу хоолойгоо нэгтгэж байна. Зарим улстөрч, эрх мэдэлтэн, албан тушаалтнууд өнөөгийн нийгмийн тогтолцооны доголдол, эрх зүйн хангалтгүй орчинд дулдуйдаж улс төр, хувийн бизнесийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн шударга ёсны тогтолцоог улам гажуудуулж, төрийн хуулийг тохиролцоо наймааны зэвсэг болгон хууль дээдлэх зарчимыг алдагдуулж, авлигатай тэмцэх үйлсэд бодит саад учруулж байгаа ч эх орондоо шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллаж буй бүх шатны байгууллага, иргэд, олон нийт шантрахгүй. Төрийн хуулийг хэрэгжүүлэхэд ямар ч тохиролцоо байж болохгүй юм. Та бидний хамтын тэмцэлийн үр шимээр нийгэмд шударга ёс тогтоно.

Сайн үйл саар мууг ялж, шударга ёс Монголын нийгмийн амьдралыг бүхий л утгаар нь бүрэн тодорхойлдог болох хүртэл Авлигатай тэмцэх газар аливаа эрсдэлээс шантрахгүйгээр шударга хүн бүрийн дэмжлэгтэйгээр нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх эрхэм зорилгоо хэрэгжүүлсээр байх болно.

Та бүхэнд Авлигын эсрэг олон улсын өдрийн мэндийг хүргэж, шударга ёс ноёлсон, ариун тунгалаг нийгэмд ажиллаж, амьдрах өлзийтэй ерөөөлийг өргөн дэвшүүлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

МОНГОЛ УЛСЫН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГА,
                                               ТЭРГҮҮН КОМИССАР    Ч.САНГАРАГЧАА