Сэлэнгэ аймгийн “Бизнес инкубатор” төвийг шинэчлэн байгуулах болов /2011.01.06/

A- A A+
Сэлэнгэ аймгийн “Бизнес инкубатор” төвийг шинэчлэн байгуулах болов /2011.01.06/
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбатад мөрдөн байцаагчийн мэдэгдэл хүргүүлжээ. Мэдэгдэлд, орон нутгийн өмчийн аж ахуйн тооцоот “Сэлэнгэ бизнес инкубатор” төвд илэрсэн зөрчил, дутагдлыг тодруулан шалгаж, цаашид дахин гаргуулахгүй байх талаар арга хэмжээ авах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр олгосон хөрөнгийн зарцуулалтын үр дүнг сайжруулах, хяналт шалгалтын үр дүнг дээшлүүлэхэд анхаарч тодорхой ажил зохион байгуулахыг зөвлөсөн байна.

Сэлэнгэ аймгийн “Бизнес инкубатор төв”-ийн дарга О нь тус төвийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас санхүүжүүлсэн төсвийн хөрөнгөөс 9.0 сая төгрөгийг касснаас бэлнээр авч зориулалт бусаар зарцуулсан, мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээс зээлийн хүүгийн нөхөн төлбөр олгох тухай хуурамч тушаал гарган өөрийн хувийн хэрэгцээндээ зориулж “Хас” банкнаас авсан 2.816.400 төгрөгийг зээлийг төлж төсвийн хөрөнгийг ашигласан гэмт хэрэг үйлдсэнийг мөрдөн байцаалтын явцад тогтоожээ. Уг хэргийг прокуророос Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар /хөөн хэлэлцэх хугацаа дууссан/ үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр Сэлэнгэ аймгийн Засаг даргын зүгээс “Бизнес инкубатор төв”-ийн холбогдох журамд өөрчлөлт оруулан, үйл ажиллагааны шинэ горимоор ажиллуулах болсныг Авлигатай тэмцэх газарт мэдэгдэв. Түүнчлэн О-гоор учирсан хохирлыг төлж барагдуулсан ажээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу тухайн байгууллагад гарсан гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах зорилгоор хариуцсан албан тушаалтанд нь Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч мэдэгдэл бичдэг. Мэдэгдлийг хүлээж авсан албан тушаалтан хуулийн хугацаанд багтаан тухайн төрлийн гэмт хэргийг байгууллага болон салбарын хэмжээнд дахин гаргуулахгүй байх үүднээс тодорхой арга хэмжээ зохион байгуулах ёстой билээ.