Хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэхэд найм хоног үлдлээ /2011.02.07/

A- A A+
Хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэхэд найм хоног үлдлээ /2011.02.07/
Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж дуусахад найм хоног үлдлээ.
Авлигын эсрэг хуульд зааснаар мэдүүлэг гаргагчид жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор урьд оны хөрөнгө, орлогын байдлаа мэдүүлдэг. Энэ дагуу мэдүүлэг гаргагчид хоёрдугаар сарын 15-ны дотор хөрөнгө, орлогоо мэдүүлэх ёстой юм.

Энэ жилийн хувьд улсын хэмжээнд 54000 гаруй албан тушаалтан хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах урьдчилсан дүн мэдээ байгаа. Үлдэж буй найм хоногийн хугацаанд багтаж мэдүүлэг гаргагчид хөрөнгө, орлогоо мэдүүлэхийг Авлигатай тэмцэх газраас сануулж байна.

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 7-ны байдлаар улсын хэмжээнд хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт 70 гаруй хувьтай явагдаж байна. Авлигатай тэмцэх газарт хөрөнгө, орлогоо мэдүүлдэг төрийн өндөр албан тушаалтан 269 хүний 60 гаруй хувь нь хөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлээд байна.

Хуульд заасан хугацаанаас санаатай болон санамсаргүй байдлаар хөрөнгө, орлогоо мэдүүлэлгүй хоцроосон тохиолдолд хариуцлага хүлээлгэх үндэслэл бий болдог. Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д ”... хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан эсвэл бүртгүүлээгүй буюу санаатай худал мэдүүлсэн бол энэ нь түүнийг албан тушаалаас нь огцруулах, түдгэлзүүлэх, халах үндэслэл болно гэж заасан байдаг.

Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогынхоо эх үүсвэрийг бодитой, үнэн зөв тайлбарлах үүрэг хүлээдэг. Хэрэв хөрөнгө орлогынхоо эх үүсвэрийг заагаагүй буюу хэрхэн олсон талаараа тайлбарлаагүй бол хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж, хариуцлага хүлээлгэх үндэслэл бий болох юм.