Орон нутаг дахь төрийн бус байгууллагууд төрийн үйлчилгээнд мониторинг хийх чадвартай болно /2011.02.10/

A- A A+
Орон нутаг дахь төрийн бус байгууллагууд төрийн үйлчилгээнд мониторинг хийх чадвартай болно /2011.02.10/
Авлигатай тэмцэх газар, Дэлхийн банк, Нээлттэй нийгэм форумын хамтран зохион байгуулж байгаа “Орон нутаг дахь төрийн бус байгууллагуудын сүлжээний мониторингийн арга зүй” сэдэвт сургалт Сүхбаатар, Орхон аймагт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Орон нутагт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын сүлжээний төлөөлөгчид оролцож байгаа уг сургалтад “IRIM” судалгааны төвийн захирал М.Ариунтунгалаг, “Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээний сургагч багш Д.Цэрэнжав, “Худалдан авах ажиллагааны хөгжлийн төв” төрийн бус байгууллагын тэргүүн Н.Отгонжаргал, сургагч багш Г.Хүрэлбаатар, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан О.Цэнгэлбаатар, Ж.Төмөрхуяг нар төрийн байгууллагын үйлчилгээнд хийх мониторинг, төсвийн ил тод байдал, худалдан авах ажиллагааны үйл явц, шударга ёсны тогтолцоо, ашиг сонирхлын зөрчлийг удирдах нь зэрэг сэдвээр сургалт зохион байгууллаа.

Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд орон нутаг дахь төрийн бус байгууллагууд ихээхэн дэмжлэг үзүүлж ажилладаг билээ. Гэвч тэдгээрийг идэвхжүүлэх, чадавхижуулах, үйл ажиллагааг нь улам бүр өргөжүүлэх зорилгоор тодорхой сэдэв бүхий сургалтуудыг зохион байгуулах шаардлагатай байдаг. Тэр дундаа аймаг орон нутгийн хэмжээнд төрийн үйлчилгээнд мониторинг хийх, төсвөө хянах, төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд олон нийтийн хяналт тавих зэрэг асуудлаар сургах нь авлигын эрсдлээс урьдчилан сэргийлэх нэгэн чухал арга хэмжээ болох юм. Тиймээс энэ удаагийн мониторингийн арга зүй эзэмшүүлэх сургалтад орон нутаг дахь төрийн бус байгууллагуудын сүлжээний төлөөлөгчид ач холбогдол өгч, идэвхтэй оролцож байна.