Сүхбаатар, Хөвсгөл аймгууд дахь төрийн үйлчилгээнд мониторинг хийнэ /2011.02.15/

A- A A+
Сүхбаатар, Хөвсгөл аймгууд дахь төрийн үйлчилгээнд мониторинг хийнэ /2011.02.15/
Авлигатай тэмцэх газар, Дэлхийн банк, Нээлттэй нийгэм форумын хамтран зохион байгуулж байгаа “Орон нутаг дахь төрийн бус байгууллагуудын сүлжээний мониторингийн арга зүй” сэдэвт зүүн болон төвийн бүсийн сургалт Сүхбаатар, Орхон аймагт болж өндөрлөв. Орон нутагт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын сүлжээний төлөөлөгчид оролцож байгаа уг сургалтын баруун бүсийн цугларалт Баянхонгор аймагт маргааш эхэлнэ. Авлигаас урьдчилан сэргийлэх сүлжээний төлөөлөгчдөд “IRIM” судалгааны төвийн захирал М.Ариунтунгалаг, “Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээний сургагч багш Д.Цэрэнжав, “Худалдан авах ажиллагааны хөгжлийн төв” төрийн бус байгууллагын тэргүүн Н.Отгонжаргал, сургагч багш Х.Хүрэлбаатар, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэн, ажилтан О.Цэнгэлбаатар, Ж.Төмөрхуяг нар төрийн байгууллагын үйлчилгээнд хийх мониторинг, төсвийн ил тод байдал, худалдан авах ажиллагааны үйл явц, шударга ёсны тогтолцоо, ашиг сонирхлын зөрчлийг удирдах нь зэрэг сэдвээр сургалт зохион байгуулж байгаа юм.

Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд орон нутаг дахь төрийн бус байгууллагууд ихээхэн дэмжлэг үзүүлж ажилладаг билээ. Гэвч тэдгээрийг идэвхжүүлэх, чадавхижуулах, үйл ажиллагааг нь улам бүр өргөжүүлэх зорилгоор тодорхой сэдэв бүхий сургалтуудыг зохион байгуулах шаардлагатай байдаг. Тэр дундаа аймаг орон нутгийн хэмжээнд төрийн үйлчилгээнд мониторинг хийх, төсвөө хянах, төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд олон нийтийн хяналт тавих зэрэг асуудлаар сургах нь авлигын эрсдлээс урьдчилан сэргийлэх нэгэн чухал арга хэмжээ болох юм. Тиймээс энэ удаагийн мониторингийн арга зүй эзэмшүүлэх сургалтад орон нутаг дахь төрийн бус байгууллагуудын сүлжээний төлөөлөгчид ач холбогдол өгч, идэвхтэй оролцож байна.

Сүлжээний төлөөлөгчдөд арга зүй эзэмшүүлэх сургалт зохион байгуулаад өнгөрөх төдий бус сурсан мэдсэнээ амьдралд хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Дэлхийн банкны санхүүжилтээр гурван аймагт тус бүр 2500 ам.долларын мониторинг хийх боломжийг олгосон юм. Ингэхдээ бүсчилсэн сургалтад оролцсон сэдвүүдээр оролцогчдоос шалгаруулалт хийж сонгосон байна. Одоогийн байдлаар Сүхбаатар, Хөвсгөл аймаг дахь авлигаас урьдчилан сэргийлэх төрийн бус байгууллагуудын сүлжээ орон нутгийнхаа төрийн байгууллагын үйл ажиллагаанд мониторинг хийх эрхийг аваад байна.