Эхнэрийнхээ компанийг шалгаруулсан төрийн албан хаагчийг ажлаас халав /2011.03.02/

A- A A+
Эхнэрийнхээ компанийг шалгаруулсан төрийн албан хаагчийг ажлаас халав /2011.03.02/
Авлигатай тэмцэх газрын иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах 1969 дугаарын утсанд ирүүлсэн гомдлын дагуу тус газрын Мөрдөн шалгах хэлтэс хойшлуулшгүй ажиллагаа явуулж, гарсан зөрчлийг тогтоосны дараа хариуцлага тооцуулах тухай албан бичгийг холбогдох албан тушаалтанд хүргүүлэн ажиллаж байна.

Тус хэлтэст ирүүлсэн гомдлын дагуу Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны Барилга захиалагчийн ажлын албанаас 2009, 2010 онд болсон тендерийн үйл ажиллагаатай холбоотой материалтай танилцаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад, тендерийн материалыг хүлээн авах, бүрдүүлэх, шалгаруулалтыг зарлах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, тендерийн үнэлгээний хорооны хурлаар хэлэлцүүлэх, санхүүжилт олгох, хяналт тавих зэрэг үйл ажиллагаа нь хууль журмын дагуу хийгдээгүй байжээ. Тухайлбал, 2010 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын III сургуулийн хичээлийн байрны барилгын их засварын ажлын зураг төсөл боловсруулах гүйцэтгэгчийг сонгох тендерийн үнэлгээний хорооны даргаар Б.Цэрэн, нарийн бичгийн даргаар Ж.Лхагвасүрэн нар ажилласан юм байна. Ингэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.2, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг зөрчиж, Ж.Лхагвасүрэнгийн эхнэр Г.Баясгалангийн “Харандаа” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулан ажлыг гүйцэтгүүлсэн нь тогтоогдлоо.

Авлигатай тэмцэх газраас Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мишигжавт хандан Б.Цэрэн, Ж.Лхагвасүрэн нарт хариуцлага тооцож, гарсан зөрчлийг дахин давтуулахгүй байх үүднээс арга хэмжээ авч ажиллахыг албан бичиг илгээв. Энэ дагуу ирүүлсэн хариу албан бичигт, салбарын сайдын “Худалдан авах ажиллагааны зохицуулалтын тухай” тушаалыг батлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Барилга захиалагчийн ажлын албаны дарга Б.Цэрэнгийн үндсэн цалинг гурван сарын хугацаатай 20 хувиар бууруулах, тус албаны инженер Ж.Лхагвасүрэнг ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн тухай дурджээ.