Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа иргэний нийгмийн сүлжээний ахлагч нартай уулзав /2011.03.11/

A- A A+
Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа иргэний нийгмийн сүлжээний ахлагч нартай уулзав /2011.03.11/
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Ч.Сангарагчаа орон нутагт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын сүлжээний ахлагч нарыг өнөөдөр хүлээн авч уулзав. Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар нь авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг улс орон даяар нэгдсэн удирдлагаар зохион байгуулж, тэднийг авлигын эсрэг тэмцэлд татан оролцуулах үүрэгтэй. Энэ чиг үүргийнхээ дагуу аймаг тус бүрт ажиллаж буй иргэний нийгмийн сүлжээтэй хамтран ажиллаж байна.

Дэлхийн банк болон Нээлттэй нийгэм форумтай хамтран зохион байгуулсан мониторингийн арга зүй эзэмшүүлэх бүсчилсэн сургалтад оролцсон аймгуудаас шалгарсан 3 багт тус бүр Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр тухайн аймгийнхаа төрийн байгууллагуудын үйлчилгээнд мониторинг хийх 2500 ам.долларын төсөв бүхий эрхийг олгосон юм. Энэ эрхийг Сүхбаатар, Хөвсгөл, Өвөрхангай аймгуудын авлигаас урьдчилан сэргийлэх төрийн бус байгууллагуудын сүлжээний баг гардан авсан бөгөөд тэд хоёр сар гаруйн турш өөрсдийн сонгосон нэгжүүдийн ил тод байдал болон төсвийн мөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд мониторинг хийж, зөвлөмж, санал дүгнэлт гаргах учиртай. Дээрх гурван аймагт хийх мониторингийн үр дүнгээс бусад 18 аймагт энэ чиглэлийн төсөл хэрэгжүүлэх эсэх нь шууд шалтгаалах аж.

Уулзалтын үеэр Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Ч.Сангарагчаа “Авлигатай тэмцэх газар орон нутагт салбаргүй ч аймаг бүрт төрийн бус байгууллагуудын сүлжээг ажиллуулж, авлигатай тэмцэх өргөн цар хүрээтэй ажлыг улс орны хэмжээнд амжилттай зохион байгуулж байна. Энэ ажлын үр дүн эхнээсээ гарч байна. Та бүхний үйл ажиллагааны үр дүнг улсын хэмжээнд сурталчилж хамтран ажиллах болно” гээд нийгмийн шударга ёсыг тогтоон бэхжүүлэхийн төлөө идэвх гарган ажиллаж байгаад талархлаа илэрхийлэв.

Мониторингийг хэрэгжүүлэх хугацаанд Авлигатай тэмцэх газрын удирдлага орон нутагт ажиллах юм.