Хөрөнгө,орлогоо зөрчилтэй мэдүүлсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцууллаа /2011.05.05/

A- A A+
Хөрөнгө,орлогоо зөрчилтэй мэдүүлсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцууллаа /2011.05.05/
Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн холбогдох заалтуудад үндэслэн уг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэгт иргэдээс ирүүлсэн мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж байна. Хяналт шалгалтаар Татварын ерөнхий газрын тасгийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих ангийн дарга, шуурхай бүлгийн дарга, ерөнхий жижүүрийн албан тушаал хашиж буй албан тушаалтнууд 2008, 2009, 2010 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ зөрчилтэй мэдүүлсэн болох нь тогтоогдлоо. Дээрх албан тушаалтнууд гэр бүлийн гишүүдийн нэр дээрх банкин дахь төгрөгийн болон ам.долларын хадгаламж, авто машин, орон сууц, газар зэрэг хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй байна. Иймд дээрх албан тушаалтнуудад Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.15 дугаар заалтын дагуу хариуцлага тооцуулахаар Татварын ерөнхий газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад мэдэгдэж, хариуг аваад байна.

Татварын ерөнхий газрын дарга хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн тасгийн даргын цалинг гурван сарын хугацаатай 20 хувь бууруулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн гурван ажилтандаа сануулах сахилгын шийтгэл оногдуулсан тухай хариу ирүүллээ.

Албан тушаалтнууд хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлэх нь төрийн албанд шударгаар ажиллаж байгаагийн баталгаа, илэрхийлэл болох учир хөрөнгө, орлогоо зөрчилтэй, худал мэдүүлэхгүй байхыг Авлигатай тэмцэх газраас мэдүүлэг гаргагчдад сануулж байна.

Авлигатай тэмцэх газар яам, агентлаг бусад газруудын албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэгт төлөвлөгөөт хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа юм.