Өвөрхангай аймгийн төрийн үйлчилгээний ил тод байдалд мониторинг хийж байна /2011.05.10/

A- A A+
Өвөрхангай аймгийн төрийн үйлчилгээний ил тод байдалд мониторинг хийж байна /2011.05.10/
Авлигатай тэмцэх газрын захиалгаар орон нутаг дахь авлигаас урьдчилан сэргийлэх төрийн бус байгууллагын сүлжээний гишүүн байгууллагууд аймгийнхаа төрийн үйлчилгээний ил тод байдалд мониторинг хийж байгаа билээ. Дэлхийн банкны санхүүжилтээр хийж буй энэхүү төслийг хэрэгжүүлэх эрхийг авсан Өвөрхангай аймаг дахь Д.Мягмарсүрэн ахлагчтай авлигаас урьдчилан сэргийлэх төрийн бус байгууллагуудын сүлжээнийхэн идэвхтэй ажиллаж байна. Мониторингийг Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, мөн Хужирт, Хархорин сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаанд хийхээр сонгож авчээ. Тус байгууллагуудын хүний нөөцийн бодлого, төсөв санхүүгийн зарцуулалт, худалдан авалтын ил тод байдлын өнөөгийн түвшинг олон нийтийн оролцоотойгоор тодорхойлох зорилгоор Засгийн газрын 143 дугаар тогтоолд заасан шалгуур үзүүлэлтүүдэд үндэслэн үнэлэх юм байна. Энэ хүрээнд дээрх байгууллагуудаар үйлчлүүлдэг иргэдээс санал асуулга авах, түүвэр болон фокус бүлгийн ярилцлага хийх, эрх зүйн актуудыг цогц байдлаар судлах, албаны хүмүүсийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулах, цуглуулсан мэдээлэлд үндэслэн дүн шинжилгээ хийх, зөвлөмж гаргах, төслийн явцыг орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах зэргээр ажиллаж байна.

Нэгэнт захиалан хийлгэж буй учраас ажлын явц, гарах үр дүнгийн талаар Авлигатай тэмцэх газар хүлээсэн үүргийнхээ дагуу төслийн хэрэгжилтэд хяналт тавих, гүйцэтгэлд нь арга зүйгээр туслах учиртай юм. Тиймээс Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Өвөрхангай аймагт томилолтоор ажиллах явцдаа мониторингийн үйл ажиллагаатай танилцав. Одоогийн байдлаар төслийг хэрэгжүүлэх явц 80 хувьтай байгаа бөгөөд төлөвлөсөн хугацаандаа багтаан дуусгаж, нэгдсэн тайлангаа танилцуулахаар бэлтгэж байгаа ажээ.

Дашрамд дурдахад, орон нутаг дахь төрийн үйлчилгээний ил тод байдалд хийж буй мониторинг Хөвсгөл, Сүхбаатар аймагт мөн үргэлжилж байгаа юм.