Төмөр замчид авлигын эсрэг нэгдэж байна /2011.05.17/

A- A A+
Төмөр замчид авлигын эсрэг нэгдэж байна /2011.05.17/
Улаанбаатар төмөр зам ХК төрийн өмчит бүх компаниуд, Төмөр замын цагдаагийн хэлтэс нийт хуулийн байгууллагуудад тус тус хандан “Авлигын эсрэг, шударга ёсны төлөө хамтдаа” уриалга гарган шударга ёсыг тогтоон бэхжүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулж хэрэгжүүлж байна. Энэ сарын 9-13 ны өдрүүдэд Улаанбаатар төмөр зам ХК, Төмөр замын цагдаагийн хэлтэс, Авлигатай тэмцэх газрын ажилтнууд Сайншанд, Замын-Үүд, Чойр өртөөнд “Авлигагүй Монгол” сэдвийн дор ажиллалаа.

Авлигатай тэмцэх газраас төмөр замчид, иргэдэд авлигатай тэмцэх төрийн бодлого, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, Авлигатай тэмцэх газар иргэдтэй хэрхэн хамтран ажиллах, авлигын хор хөнөөл зэрэг сэдвээр мэдээлэл хүргэж, харилцан ярилцаж, санал солилцсон уулзалтын үеэр төмөр замчид авлигын эсрэг тууштай тэмцэхээ илэрхийлж байв. Ялангуяа иргэд “Авлигатай тэмцэх газар орон нутагт албан ёсны салбар нэгжгүй ч иргэд, олон нийт бид Авлигатай тэмцэх газрын орон нутаг дахь нэгж юм. Бид өөрсдийнхөө өмч хөрөнгө болон төрийн болон орон нутгийн хөрөнгийг захиран зарцуулах үйл ажиллагаа, төрийн үйлчилгээнд хяналт тавих журамт үүрэгтэй. Бид энэ үүргээ биелүүлэхэд Авлигатай тэмцэх газар үйл ажиллагаагаа идэвхжүүлэх шаардлагатай байна. Авлигатай тэмцэх газар орон нутагт салбар нэгжгүй гэдэг нь өрөөсгөл ойлголт” хэмээн санал бодлоо илэрхийлжээ.

“Авлигагүй Монгол” сэдэвт сургалт, сурталчилгааны ажлыг хойд чиглэлийн төмөр замын өртөөнүүдэд үргэлжлүүлэх юм байна.