Монгол Улсын Авлигатай тэмцэх газар Тайландын Авлигын эсрэг үндэсний комисстой хамтын ажиллагаа тогтоолоо /2011.07.08/

A- A A+
Монгол Улсын Авлигатай тэмцэх газар Тайландын Авлигын эсрэг үндэсний комисстой хамтын ажиллагаа тогтоолоо /2011.07.08/
Тайландын Авлигын эсрэг үндэсний комиссын ерөнхийлөгч Пантел Кланаронгран тэргүүтэй төлөөлөгчид ажлын айлчлал хийхээр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.

Тайландын Авлигын эсрэг үндэсний комиссын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн Монгол Улсын Авлигатай тэмцэх газартай хамтын ажиллагаа тогтоох харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ажлын хүрээнд манай улсад айлчилж байгаа бөгөөд өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа төрийн ордонд боллоо. Гурван жилийн хугацаатай хэрэгжих хамтын ажиллагааны санамж бичигт Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Г.Бадарч, Тайландын Авлигын эсрэг үндэсний комиссын ерөнхийлөгч Пантел Кланаронгран нар гарын үсэг зурлаа.



Хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу талууд хамтарсан ажлын хэсэг байгуулж, санамж бичигт тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлэх юм. Гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж буй санамж бичгийн дагуу хоёр улсын авлигатай тэмцэх байгууллагууд авлигатай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй тус тусын зорилтын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх хамтын ажиллагааны хэлбэр болон стратегийн түншлэлийг бий болгох төдийгүй бүрэн эрхийнхээ хүрээнд харилцан ажлын туршлага солилцох, алба хаагчдаа харилцан илгээж сургах, сургалт, семинар, симпозиум зохион байгуулах зэрэг чиглэлүүдэд хамтран ажиллана. Хамтын ажиллагааны үр дүнд авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх ажилд өргөн хүрээнд харилцан мэдээлэл солилцох, эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх эрх зүйн орчин, боломж бүрдэж байгаа юм.

Талууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаас гадна ажлын уулзалт хийж, хоорондын үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо. Мөн төлөөлөгчдийн бүрэлдэхүүн УИХ-ын даргад бараалхлаа.

Одоогоор манай улс БНСУ, БНХАУ, Хонгконг-Макао, ХБНГУ, ИБУИВУ, Индонези, Австрали, АНУ зэрэг улс, орнууд болон эдгээр улс орнуудын авлигатай тэмцэх байгууллагуудтай харилцаа тогтоон ажиллаж байна.