Төрийн албан хаагчид авлига өгөхийг оролдоод ялтан болов /2011.08.08/

A- A A+
Төрийн албан хаагчид авлига өгөхийг оролдоод ялтан болов /2011.08.08/
Энэ оны гуравдугаар сард УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар хууль бусаар мод огтолж тээвэрлэгчид, алт олборлогч, хулгайн анчдын эсрэг нэгдсэн шалгалт хийж байх үеэр ачааны машинаар мод тээвэрлэж явсан хүмүүстэй ууланд тааралдаж, саатуулан шалгасан байна. Шалгалтаар жолооч С.Н хууль бусаар мод тээвэрлэж явсан нь тогтоогдсон бөгөөд түүнийг орон нутгийн цагдаагийн байгууллагад шилжүүлэхээр дагуулан явах үед тэрээр цагдаагийн ажилтнуудад хээл хахууль өгөхийг оролдсон байна.

Жолооч С.Н их хэмжээний нойтон модыг ямар ч бичиг баримтгүйгээр Улаанбаатар хот руу тээвэрлэж явсан бөгөөд тэрээр цагдаагийн ажилтнуудаас “Амьдрахын эрхэнд ийм ажил хийж байна. Намайг зүгээр явуулчих” гэж гуйгаад 100 мянган төгрөг буюу 20000-тын таван ширхэг дэвсгэрт өгөхийг завдсан байна. Цагдаагийн ажилтнууд эл үйлдлийг баримтжуулан бичлэг хийж, мөнгийг нь хураан сери дугаарыг нь тэмдэглэн авсан нь хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураагджээ.

Цагдаагийн ажилтнуудад хээл хахууль өгөхийг оролдсон С.Н-д холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газраас Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Албан тушаалтанд хээл хаууль өгсөн” гэсэн үндэслэлээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Төв аймгийн прокурорын газраас дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн 2011 оны долдугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Сум дундын II шүүхээр хянан хэлэлцжээ.

Цагдаагийн ажилтнуудад хээл хахууль өгөхөөр оролдсон С.Н шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээсэн бөгөөд түүнд анхан шатны шүүхээс төрийн албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэм буруутайд тооцон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэрэг үндэслэлээр ялыг хөнгөрүүлж, хорих ялыг өөрчлөн, нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оноосон байна.

Төрийн албанд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн ажиллахдаа бусдаас авлига, хээл хахууль авч, төрийн албыг мөнгө олох хэрэгсэл болгодог нэг хэсэг байхад ажлаа үнэнч шударгаар хийдэг хүмүүс байдгийг дээрх хэрэг явдал батлан харууллаа.