“Шударга ёсны төлөө шагнал”-д олгох цомын загварыг шалгаруулах уралдаан зарлалаа /2011.9.30/

A- A A+
“Шударга ёсны төлөө шагнал”-д олгох цомын загварыг шалгаруулах уралдаан зарлалаа /2011.9.30/
Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх чиглэлээр явуулж буй үйл ажиллагааг дэмжиж тэдгээр үйлсийг олон нийтэд таниулах, сурталчлах, бусдад үлгэр дуурайл болгох, улмаар үндэсний шударга ёсны үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор санаачилсан “Шударга ёсны төлөө” шагналын цомын загварыг шалгаруулах зорилгоор уран бүтээлчдийн дунд уралдаан зарлалаа.

Уралдааныг энэ оны аравдугаар сарын 20-ныг хүртэл зарлаж байгаа бөгөөд уралдаанд ирүүлэх материал нь “Шударга ёсны төлөө” шагналын зорилго, агуулгад нийцсэн, шударга ёсны төлөөх гэрэл гэгээтэй хүсэл, тэмүүллийг илтгэсэн, шударга ёсыг бэхжүүлэхийн тулд хүнд бэрхийг даван туулсан, шударга ёсны үнэ цэнийг шилдэг санаа, уран сэтгэмж, зөв шийдлээр харуулах уран санаагаар баяжуулан, зохиомжилсон байх юм.

Түүнчлэн, цомын загварыг шилэн хийцээр хийхэд тохиромжтой, утга, зорилгоо шууд илэрхийлэхүйц ойлгомжтой байхаар урлах бөгөөд утга санааг бодитоор төсөөлөх боломжтой макет, загвар, тайлбар /ажлын зураг/ -ыг хамтад нь ирүүлнэ.
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс эхний гурван байрыг шалгаруулж, мөнгөн шагнал олгоно.