Завхан, Увс аймгийн төрийн бус байгууллагууд төрийн үйлчилгээнд мониторинг хийх чадварт суралцаж байна /2011.10.06/

A- A A+
Завхан, Увс аймгийн төрийн бус байгууллагууд төрийн үйлчилгээнд мониторинг хийх чадварт суралцаж байна /2011.10.06/
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Завхан аймагт хоёр дахь өдрөө ажиллаж байна. Тус газраас “Орон нутаг дахь төрийн бус байгууллагуудын сүлжээний худалдан авах ажиллагааны мониторингийн арга зүй” сэдэвт сургалтыг Завхан, Увс аймгийн авлигаас урьдчилан сэргийлэх төрийн бус байгууллагуудын сүлжээний гишүүдийг хамруулан Улиастай хотноо зохион байгууллаа.



Сургалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэн, “Худалдан авах ажиллагааны хөгжлийн төв” төрийн бус байгууллагын сургагч багш М.Чимэддорж нар удирдаж, төрийн байгууллагын үйлчилгээнд хийх мониторинг, төсвийн ил тод байдал, худалдан авах ажиллагааны үйл явц, шударга ёсны тогтолцоо, ашиг сонирхлын зөрчлийг удирдах нь зэрэг сэдвээр хичээл зааж, энэ чиглэлээр арга зүй эзэмшүүлэх дадлага ажлыг хийлгэв.

Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд орон нутаг дахь төрийн бус байгууллагууд дэмжлэг үзүүлж ажилладаг билээ. Гэвч тэдгээрийг идэвхжүүлэх, чадавхижуулах, үйл ажиллагааг нь улам бүр өргөжүүлэх зорилгоор тодорхой сэдэв бүхий сургалтуудыг зохион байгуулах шаардлагатай байдаг. Тэр дундаа аймаг орон нутгийн хэмжээнд төрийн үйлчилгээнд мониторинг хийх, төсвөө хянах, төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд олон нийтийн хяналт тавих зэрэг асуудлаар сургах нь авлигын эрсдлээс урьдчилан сэргийлэх нэгэн чухал арга хэмжээ болох юм. Тиймээс энэ удаагийн мониторингийн арга зүй эзэмшүүлэх сургалтад орон нутаг дахь төрийн бус байгууллагуудын сүлжээний төлөөлөгчид идэвхтэй оролцов.