Хөвсгөл аймгийн төрийн байгууллагын 160 гаруй албан хаагчийг сургалтад хамрууллаа /2011.11.04/

A- A A+
Хөвсгөл аймгийн төрийн байгууллагын 160 гаруй албан хаагчийг сургалтад хамрууллаа /2011.11.04/
Энэ оны төлөвлөгөөт хяналт, шалгалтын ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газрын ХШДШХ-ийн ажилтнууд Хөвсгөл аймагт ажиллаад ирлээ. Томилолтын хугацаанд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын харьяа агентлаг, хэлтсүүдийн эрх бүхий албан тушаалтан нарт хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягтыг хэрхэн үнэн зөв мэдүүлэх, хэрхэн хяналт тавьж авах, мэдээ тайлангийн үнэн бодит байдлыг хэрхэн хэрэгжүүлэн ажиллах талаар сургалт зохион байгууллаа. Сургалтад ЗДТГ, ИТХ, Мэргэжлийн хяналтын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Статистикийн хэлтэс, Хүнс хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар, Стандарчлал хэмжил зүйн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд хамрагдлаа.

Томилолтын хугацаандаа Авлигатай тэмцэх газрын ажилтнууд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын харьяа агентлаг, хэлтсүүдийн удирдлага болон ажилтнуудад Авлигатай тэмцэх газрын бүтэц зохион байгуулалт, хэлтэс, албадуудын үндсэн чиг үүргийн талаар болон “Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягтыг хэрхэн үнэн зөв мэдүүлэх” талаар сургалт зохион байгуулж тэдгээрийн сонирхсон асуултанд хариулж, заавар зөвлөгөө өглөө. Уг сургалтанд нийт 160 гаруй төрийн албан хаагч нар хамрагдсан байна. Сургалт зохион байгуулснаас гадна Засаг даргын тамгын газрын эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаатай танилцан хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэж хадгалсан байдал, хуулийн дагуу хэрхэн хяналт тавьж ажилласан болон тайлан мэдээний үнэн бодит байдлыг хууль, тогтоомжийн дагуу хэрхэн хэрэгжүүлэн ажиллаж байгааг хянан шалгалаа.

Мөн аймгийн ЗДТГ-ын хэмжээнд хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлсэн нийт 80 гаруй албан тушаалтнуудын мэдүүлгийн эх хувьтай танилцаж гарсан зөрчил дутагдал гаргасан эсэхийг хянан үзлээ. Шалгалтаар аймгийн хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргасан албан тушаалтнууд нь орлогоо сараар илэрхийлсэн, тайлбар хэсэгт эх үүсвэрийн тайлбарыг хангалтгүй тайлбарласан зэрэг нийтлэг илэрснийг албан тушаалтнуудад танилцуулж, цаашид зөрчил, дутагдал гаргахгүй байхад анхаарах талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.