МЭНДЧИЛГЭЭ

A- A A+
МЭНДЧИЛГЭЭ
Цаг тооны хуанлийн хуудас эргэн эргэсээр 2012 оныг хүн төрөлхтөнд авчирч байна. Монгол төрийн түүхэнд нийгмийн захиалгаар байгуулагдсан отгон төрийн байгууллагуудын нэг Авлигатай тэмцэх газрын хамт олон нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө бүхий л хүч бололцоогоо дайчлан ажилласаар 2011 оноо үдэж байна.

2011 онд манай хамт олон авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүрдүүлэх, хянан шалгах, албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиглэлээр Авлигын эсрэг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллалаа. Үүний үр дүнд “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г Монгол Улсын төрийн бүх байгууллага амжилттай хэрэгжүүлж, уг төлөвлөгөөний хэрэгжилтийг тайлагнах, үнэлэх нэгдсэн механизм улс орон даяар үргэлжилж байна. Аймаг бүрт авлига, хүнд сурталтай тэмцэх төрийн бус байгууллагуудын сүлжээ ажиллаж, орон нутгийнхаа төрийн байгууллагууд, албан тушаалтнуудын үйл ажиллагааг иргэдийн өмнөөс хянаж, дуу хоолойгоо хүргэж байна. Авлигатай тэмцэх газар өнгөрч буй онд хүүхэд, залуучуудад шударга зан үйлийг төлөвшүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулсан нь тодорхой үр дүнгээ өгч байна. НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан “Шударга ёсны төлөө-2011” аяныг улс орон даяар амжилттай зохион байгууллаа. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газар олон нийтийн санал асуулгаар “Шударга ёсны төлөө” үйлстнийг тодруулсан билээ.

Авлигатай тэмцэх газартай 2011 онд идэвхтэй хамтран ажилласан Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш нар, Төрийн албаны зөвлөл, Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Улсын Бүртгэлийн ерөнхий газар, “Транспэрэнси интернэшнл Монгол”, “Глоб интернэшнл” төрийн бус байгууллага, Улаанбаатар хот дахь болон Замын-Үүд дэх Гаалийн газар, нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, тус дүүргийн 13, 19 дүгээр хорооны иргэд, нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэний бүртгэл, мэдээллийн тасгийн хамт олон, Улаанбаатар төмөр замын харьяа анги, байгууллагуудын ажилтан, ажилчид, Говьсүмбэр аймгийн төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэд болон “Шударга ёсны төлөө-2011” шагналд нэрээ дэвшүүлсэн нийт байгууллага, иргэд, уг шагналыг гардсан хүмүүст хамт олныхоо нэрийн өмнөөс баяр талархлаа илэрхийлье.

Өнгөрч буй жилийн ололт амжилт бол та бидний хамтын ажиллагааны явцад бүтээсэн үнэт зүйл юм. Авлигын эсрэг хуулийн дагуу хэрэгжүүлсэн бидний хамтын үйл ажиллагаа нийгэмд шударга ёсыг сэргээж, улс орноо хөгжил дэвшилд хүргэх их үйлсийн цөм нь байсан гэдэгт миний бие болоод манай хамт олон итгэлтэй байна.

Авлига нь нийгмийн тогтвортой байдал, улсын аюулгүй байдал, ардчилсан тогтолцоо, үнэт зүйлс, шударга ёсыг сулруулдаг, нэг үгээр хэлбэл хүн төрөлхтөний хөнөөлт дайсан юм. Өөртөө, үр хүүхэддээ, гэр бүлдээ, эрхэм дотны хүмүүстээ, улс орондоо сайн сайхныг хүсдэггүй хэн байх билээ. Нийгмийг хөдөлгөгч хүч, бас эс ширхэг нь болохынхоо хувьд эрхэм Та шударга ёсны эгнээнд сэтгэл оюун, ухаан бодол, дуу хоолой, нөмөр нөөлгөөрөө мөр зэрэгцэн алхаарай хэмээн миний бие Та бүхнээс уриалж байна.

Оюун ухаандаа ардчиллын хэм хэмжээ, эрх чөлөөний үзэл баримтлал, иргэний үүрэг хариуцлага, шударга ёсны талаар эргэцүүлэн бодож, цэвэр ариун нийгмийг бий болгохын төлөө гар гараасаа барин алхацгаая. Ирээдүйг зорьсон өөдрөг үзэл, гэгээн тэмүүлэлтэйгээр олон түмний хүсэн хүлээж байгаа шударга нийгмийг цогцлоох ариун үйл хэргийн төлөө хамтдаа урагшилцгаая.

Шинэ оны эхний өдрийн нарнаас цацрах гэрэл гэгээ Та бидэнд амжилтаа бататгаж, алдаагаа засах ухаан, хүч өгөх болно. Та бүхэнд ирж байгаа шинэ оны нөхөрсөг, халуун мэндийг дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе!

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГА,
ТЭРГҮҮН КОМИССАР НАВААНСҮРЭНГИЙН ГАНБОЛД