Авлигатай тэмцэх газар 14 хоног тутам сэтгүүлчидтэй уулзаж байхаар болов /2012.01.25/

A- A A+
Авлигатай тэмцэх газар 14 хоног тутам сэтгүүлчидтэй уулзаж байхаар болов /2012.01.25/
Авлигатай тэмцэх газар сард 2 удаа буюу 14 хоног тутамд хэвлэл, мэдээллийн сэтгүүлч, сурвалжлагчидтай уулзаж, эрхэлж байгаа үйл ажиллагаатайгаа холбоотой асуудлаар Хэлтсийн дарга нар мэдээлэл өгч байхаар болов. Өнөөдөр болсон эхний уулзалтыг Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ч.Өнөрбаяр нээж хэлсэн үгэндээ улсын нууцад хамаарахаас бусад мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд ил тод өгч байхаа мэдэгдлээ.



Хэвлэлийнхэнтэй хийсэн анхны уулзалтад Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайхан оролцож, “Албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн явц байдал-2011” сэдвээр мэдээлэл хийв. Авлигатай тэмцэх газар албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хянан шалгах үйл ажиллагааг 6 дахь жилдээ зохион байгуулж байна. Төрийн албан хаагчид хөрөнгө, орлогоо жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор мэдүүлэх үүрэгтэй билээ. Улсын хэмжээнд нийт 58 мянга гаруй төрийн албан хаагч тухайн байгууллагынхаа хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт хариуцсан эрх бүхий албан тушаалтнаар уламжлан хөрөнгө, орлогоо мэдүүлэх үүрэгтэй бөгөөд Авлигатай тэмцэх газарт 270 орчим төрийн өндөр албан тушаалтан хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх ёстой юм.

Өнөөдрийн байдлаар төрийн болон нутгийн захиргааны 121 байгуулллагад бүртгүүлдэг 58 мянга гаруй албан тушаалтны 20800 нь буюу 35.8 хувь нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлээд байна. Харин 270 орчим төрийн өндөр албан тушаалтны 17 хувь нь Авлигатай тэмцэх газарт хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлээд байгаа ажээ. Авлигатай тэмцэх газар 2011 онд албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж, зөрчил гаргасан 200 гаруй албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна.