Төрийн 160 өндөр албан тушаалтан хөрөнгө, орлогоо мэдүүлээд байна /2012.02.10/

A- A A+
Төрийн 160 өндөр албан тушаалтан хөрөнгө, орлогоо мэдүүлээд байна /2012.02.10/
Авлигын эсрэг хуульд заасан хугацаанд буюу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны өдрийг дуустал албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлдэг билээ. Хуулийн хугацаа дуусахад 5 өдөр үлдээд байна.

Өнөөдрийн байдлаар Авлигатай тэмцэх газарт хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлдэг 270 орчим албан тушаалтны 160 нь 2011 оны хөрөнгө, орлогоо мэдүүлээд байна. Энэ нь төрийн өндөр албан тушаалтны 60 хувь нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлээд байна гэсэн үг ажээ.

Авлигатай тэмцэх газарт хөрөнгө, орлогын мэдүүлгийн тайлан, мэдээг нэгтгэж ирүүлдэг төрийн болон нутгийн захиргааны төв байгууллагууд албан тушаалтнуудынхаа хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэж, хүлээн авсан байдлыг авч үзвэл, нийт 121 байгууллагын хэмжээнд хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт дунджаар 80 хувьтай байна. Нийт хөрөнгө, орлогоо бүртгүүлбэл зохих 58000 орчим албан тушаалтны 46100 нь буюу 80 орчим хувь нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлсэн байна.

Дорноговь, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Усны газар зэрэг 6 байгууллага хөрөнгө, орлогын мэдүүлгийн ХОМ-1, ХОМ-2 тайланг гаргаж Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн бөгөөд 22 байгууллага албан хаагчдынхаа хөрөнгө, орлогын мэдүүлгийг 100 хувь, 103 байгууллага 60-аас дээш хувьтай бүртгэн хүлээж аваад байна.

Хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн ажлын хүрээнд хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягтыг бөглөх, тайлан мэдээг гаргах талаар хийсэн сургалтад нийт 75 байгууллагын 3305 албан тушаалтан хамрагдсаны 2981 нь хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргагч албан тушаалтан, 324 нь хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтан байна.