“Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх Авлигын талаархи төсөөлөл-2011” судалгааны дүн гарлаа /2012.02.18/

A- A A+
“Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх Авлигын талаархи төсөөлөл-2011” судалгааны дүн гарлаа /2012.02.18/
Монгол Улсын Авлигатай тэмцэх газар “Мянганы хөгжлийн 9 дэх зорилтод дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн багтай хамтран боловсруулсан арга зүйн дагуу “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаархи төсөөлөл”-ийн судалгааг гурав дахь жилдээ явуулан үр дүнг нэгтгэн гаргалаа. Улс төрийн болон хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын цар хүрээ, хэлбэр, шалтгааныг шинжээчдийн үнэлгээгээр тодорхойлж, энэ хүрээн дэх авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, хэрэгжилтийг үнэлж дүгнэхэд шаардлагатай мэдээллийг өгөхөд энэхүү судалгааны зорилго оршиж байгаа юм.

НҮБ-ын дээд хэмжээний уулзалтаас гаргасан Мянганы тунхаглалыг баталсан бусад улс орны нэгэн адил Монгол Улс улс орныхоо хэрэгцээ, тэргүүлэх чиглэлийг тусгасан Мянганы хөгжлийн үндэсний зорилго, зорилтуудыг тодорхойлсон билээ. УИХ-аас 2005 онд Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудыг батлахдаа үндсэн найман зорилгоос гадна хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх, авлигын эсрэг тэмцэхэд чиглэсэн Мянганы хөгжлийн 9 дэх зорилгыг нэмж баталсан.

Энэхүү зорилгын хүрээнд “Авлигыг үл тэвчих уур амьсгалыг нийгмийн бүх хүрээнд бий болгон хэвшүүлэх” гэсэн 24 дэх зорилтыг тавьсан бөгөөд УИХ-ын 2008 оны 13 дугаар тогтоолоор энэхүү зорилтын хэрэгжилтийг үнэлэх шалгуурын нэгээр “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаархи төсөөлөл” гэсэн үзүүлэлтийг тодорхойлж, холбогдох судалгааг явуулж, үр дүнг гаргаж мэдээлэх үүргийг Авлигатай тэмцэх газарт даалгасан нь ийнхүү 3 дахь жилдээ хэрэгжиж байна.

“Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаархи төсөөлөл 2011” судалгааны тайланг энд дарж үзнэ үү.