Ч.Өнөрбаяр: Шударга бус явдлын хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй Монгол Улсын ирээдүйн иргэдийг бэлтгэх багш нартаа баярлалаа /2012.02.09/

A- A A+
Ч.Өнөрбаяр: Шударга бус явдлын хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй Монгол Улсын ирээдүйн иргэдийг бэлтгэх багш нартаа баярлалаа /2012.02.09/
Авлигатай тэмцэх газар, АНУ-ын Азийн сантай хамтран нийслэлийн ерөнхий боловсролын 22 сургуулийн түүх, нийгмийн ухааны 40 багшид “Авлигын эсрэг боловсрол” гарын авлагыг танилцуулах, энэ сэдвээр хичээл заах туршилтын сургалтыг “Шинэ эрин” лаборатори сургууль дээр хоёр өдрийн турш зохион байгууллаа.

Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын агуулга, хөтөлбөрт авлигын ойлголт, хор хөнөөл, түүнтэй тэмцэх арга зам болон шударга ёсны тухай ойлголт, мэдлэг олгох тусгайлсан хичээл тусгагдаагүй, энэ сэдвээр сургалт явуулах багшийн сургалтын хэрэглэгдэхүүн, арга зүйн зөвлөмж хангалтгүй байдгийг харгалзан үзэж, Авлигатай тэмцэх газраас санаачлан боловсруулсан “Авлигын эсрэг боловсрол” гарын авлагад дурдсан агуулгыг 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн зарим сургуулийн сургалтад хэрэглэхээр зорьж байгаа юм. Ингэснээр улс орны ирээдүй болсон хүүхэд, багачууд, өсвөр үеийнхэнд шударга ёсны ойлголт, зарчим, үнэт зүйлсийн талаарх мэдлэгийг сургуулийн орчинд олгож, цаашдын ажил, амьдралдаа баримтлах итгэл үнэмшил болгох, шударга бус зүйлд хууль ёсны хариу үйлдэл үзүүлэх чадварыг төлөвшүүлэх ач холбогдолтой.



Туршилт сургалтын хаалтын ажиллагаанд Их Британийн Элчин сайд, хатагтай Торда Абботт-Вотт, Авлигатай тэмцэх газрын дарга, эрхэлсэн комиссар Ч.Өнөрбаяр, АНУ-ын Азийн сангийн менежер Жош Фрийдман нар оролцож, үг хэлэв. Их Британийн Элчин сайд, хатагтай Торда Абботт-Вотт хэлсэн үгэндээ “Нийгэмдээ шударга ёсыг тогтоох үйл хэрэгт багш, сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг оролцоо их. Улс орныхоо ирээдүй хойчид авлигын эсрэг мэдлэгийг эзэмшүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа багш та бүхнээр миний бие бахархаж байна” гэлээ. Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ч.Өнөрбаяр багш нарт хандан “Шударга нийгэм гэдэг бол шударга бус явдлын хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй иргэдээс бүрддэг. Нэг ийм афоризм байдаг. Хэн шударга ёсыг хайж байна, тэр хүн шударга ёсыг бүтээгч байдаг гэж. Та бүхэн шударга бус явдлын хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй Монгол Улсын ирээдүйн иргэдийг бэлтгэх эх суурийг тавилцаж буй энэ арга хэмжээнд идэвхтэй оролцож байна. Багш та бүхний энэхүү сургалтаас олж авсан мэдлэг шавь нараар тань дамжин цаашид түгээн дэлгэрнэ гэдэгт, хамгийн чухал нь нийгэмд шударга ёсыг тогтооход том хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна. Сургалтын ажил нь тасралтгүй үргэлжилж байх ёстой. Авлигатай тэмцэх газрын үндсэн чиг үүрэг бол хүнийг хорьж шийтгэх биш, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил байдаг. Тиймээс манай байгууллага цаашид ч та бүхэнтэй хамтран ажиллах болно” гэж хэлэв. АНУ-ын Азийн сангийн менежер Жош Фрийдман “Хүүхэд, залуучуудад шударга ёсны үзлийг төлөвшүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй Авлигатай тэмцэх газрын бодлого, үйл ажиллагааг АНУ-ын Азийн сан дэмжин ажилладаг. Бидний хамтын ажиллагаа, та бүхний идэвхтэй оролцооны үр дүнд шударга ёс, түүний үнэт зүйлсийн тухай олгох мэдлэг хүүхэд, залууст хүрэх болсонд баяртай байна” гэлээ.


“Авлигын эсрэг боловсрол” гарын авлагыг багш У.Туяа, Ч.Алтангэрэл, Л.Алтанзаяа нарын бүрэлдэхүүнтэй ажлын баг боловсруулсан бөгөөд уг гарын авлагын дагуу хичээл заах туршилтын сургалтыг амжилттай зохион байгуулахад Их Британийн Элчин сайдын яам дэмжлэг үзүүлсэн юм. Туршилтын сургалтад хамрагдсан багш нар “Шударга ёсны тухай асуудлыг заах арга зүй”, “Авлигын тухай боловсролыг хэрхэн заах вэ”, “Багш сурагчдын харилцааны асуудал”, “Сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй”, “Хичээлийн судалгаа хийх арга зүй”, “Хичээлээр дамжуулан шударга ёсны үзлийг төлөвшүүлэх нь” сэдвээр суралцаж, 1.5 цагийн кредит бүхий сертификат гардлаа. Тэд ирэх сарын туршид өөрсдийн сургууль дээрээ туршилтын хичээлийг заах ажээ.

“Шавь нартаа сурсан, мэдсэнээ түгээн дэлгэрүүлэх ажил биднийг хүлээж байна”
Сургалтад оролцсон зарим багш нартай уулзаж, сэтгэгдлийг нь сонсов.

“Цэцээ гүн” цогцолбор 60 дугаар сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Д.Энхбат: -Энэ хоёр өдрийн сургалтаар үнэхээр их зүйлийг мэдэж авлаа. Авлига гэдэг зүйлийг биднээс хол хөндий гэж бодож явсан. Гэтэл багш нарын дунд авлига нь жижиг хэлбэрээр байдаг юм байна, чихэр набор авах нь ч хүртэл авлигын шинжтэй эрх зүйн зөрчил юм байна гэдгийг мэдэж авлаа. Энэ сургалт үр дүнтэй боллоо.



Хангалттай хэмжээний арга зүй авч чадлаа. Багш нар маань багт хуваагдаж суралцсан, өнөөдөр л гэхэд би хамгийн эхэнд хичээл заасан. Дараа нь болсон хэлэлцүүлгийн үеэр дүгнэж ярилцаад улам сайжруулах хэрэгтэйгээ мэдэж авах жишээтэй. Сургуулийнхаа багш нарт энэ талын мэдлэг, мэдээллийг түгээж ажиллана. Хүүхдүүддээ ч хичээлийг нь үр дүнтэй заана. Зааж чадна ч гэж бодож байгаа.

Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн түүх, нийгмийн ухааны багш С.Отгонбаяр: -Олон зүйлийг мэдэж авлаа. Наад зах нь авлигыг мэдээлэх 1969 утас гэж байдаг юм байна. Авлигатай нүүр туллаа гэхэд хаана хэрхэн хандах ёстойгоо мэдэж авлаа.



Авлига гэж юу юм, хор хөнөөл нь ямар юм, авлигаас урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой юм гэх зэрэг мэдлэг, ойлголтыг олж авлаа. Цаашид шавь нартаа сурсан, мэдсэнээ түгээн дэлгэрүүлэх ажил биднийг хүлээж байна. Авлигын эсрэг боловсрол олгох чиглэлээр багш бүхэн өөр өөрийн гэсэн заах арга зүйдээ тулгуурлан өнөөдрийн олж авсан мэдлэг, ойлголтоороо улам цэнэглэн баяжуулж ажиллана.

“Эрдмийн ундраа” цогцолбор 77 дугаар сургуулийн түүх, нийгмийн ухааны багш П.Баттөмөр: -“Авлигын эсрэг боловсрол” сэдэвт сургалтад хоёр өдөр оролцлоо. Сэтгэгдэл маш өндөр байна. Авлига гэдэг нь өгөх, авах тухай ойлгож байсан. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээс уншсан, сонссон төдий мэдээлэлтэй байж.



Гэтэл авлигын талаар онолын түвшинд мэдлэг авлаа. Энэ сургалтад оролцсон 40 багш мэргэжлийн ур чадвар өндөртэй хүмүүс. Туршлагатай багш нар. Сурагчдынхаа нас, сэтгэхүйн онцлогт тохируулаад авлигын эсрэг хичээлийг зааж чадах хүмүүс байгаа юм. Бидэнд итгэж болно.

“Оюуны ундраа” цогцолбор сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Ч.Мягмардаш: -Сургалтад оролцсоноороо их зүйлийг мэдэж авлаа. Нийгэм маань бүхэлдээ авлигад автсан л гээд байдаг. Нарийндаа авлига гэдэг нь чухам юуг хэлж байгаа юм бэ гэдэг талаар ойлголттой боллоо. Багш хүний хувьд нийтэд хандаж хэлэхэд, авлига гэдгийг хуулийнх нь талаас харвал энэ үзэгдлийн холбогдохгүй салбар гэж алга юм байна. Учруулахгүй хор хөнөөл гэж үгүй юм байна. Улс орны тусгаар тогтнолд хүртэл заналхийлдэг байна шүү дээ.