Мөрдөн шалгах ажиллагаа 2012 оны эхний хагас жилд /2012.08.01/

A- A A+
Мөрдөн шалгах ажиллагаа 2012 оны эхний хагас жилд /2012.08.01/
Авлигатай тэмцэх газраас 2012 оны эхний хагас жилд хуульд заасан харьяаллын дагуу мөрдөн шалгах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлж байна.

Нийт 398 гомдол, мэдээллийг хүлээн авав

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас 2012 оны эхний хагас жилд нийт 398 гомдол, мэдээллийг амаар, бичгээр, утсаар, цахим шуудангаар, шуудангаар, факсаар хүлээн авсны зэрэгцээ иргэдтэй биечлэн уулзах буюу 311919, 1969 дугаарын утсаар мэргэжлийн зөвлөгөө өгөх ажлыг хэрэгжүүллээ.

Гэмт хэргийн талаарх 183 гомдол, мэдээллийг хянан үзсэнээс 42 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 66 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргаж, 59 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж, харин 1 гомдлыг эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгажээ. Одоогоор ажиллагаанд 15 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй байна.

Иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийн агуулга, холбогдох байгууллага, салбараар нь авч үзвэл Засаг даргын үйл ажиллагаанд хамаарах 43, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хамаарах 23, төрийн үйлчилгээний салбарт хамаарах 29, ашигт малтмалын салбарт хамаарах 9, яамдын үйл ажиллагаатай холбоотой 7, УИХ-ын гишүүнд хамаарах 3, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хамаарах 19, бусад салбарт 30 гомдол, мэдээлэл байна.

109 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт явууллаа

2012 оны эхний хагас жилд хуульд заасан харьяаллын 434 үйлдэлтэй, 109 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь 2011 оны мөн үетэй харьцуулахад 23 хувиар өссөн дүнтэй байна.

Мөрдөн байцаалт явуулсан нийт хэрэг, үйлдлийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр ангилж үзвэл, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах 40, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 18, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах 10, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 4, хээл хахууль авах 26, хээл хахууль өгөх 20, хээл хахуульд зуучлах 6, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах 6, бусад 72 байв. Хээл хахууль авах гэмт хэрэг урьд оны мөн үеэс 12 хувиар, хээл хахууль өгөх нь 80 хувиар тус тус өсчээ.
Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 22 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлж, 16 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар шилжүүлж, 16 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, 18 хэргийг өөр эрүүгийн хэрэгт нэгтгэж, 1 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлээд байна. Одоогийн байдлаар эрүүгийн 36 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Эрүүгийн хэрэгт нийт 179 хүнийг сэжигтэн, яллагдагчаар шалгажээ

Эрүүгийн хэрэгт нийт 179 хүн сэжигтэн, яллагдагчаар татагдан шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 65 хувиар өссөн байх бөгөөд холбогдогчдыг албан тушаалын байдлаар авч үзвэл төрийн улс төрийн 22, төрийн захиргааны 35, төрийн тусгай 11, төрийн үйлчилгээний 32, аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан 79 байна. Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн эрүүгийн хэрэгт нийт 66 хүнийг сэжигтэн, яллагдагчаар татжээ. Мөн хугацаанд яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэргүүдээс 5 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байна.

Мөрдөн шалгасан нийт эрүүгийн хэрэгт 23 тэрбум төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд 1.3 тэрбум төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын явцад барагдуулж, 3.6 тэрбум төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн ажиллав. Мөрдөн шалгасан хэргүүдэд нийт 11 хүнд 2 сар болон түүнээс дээш хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.