Улсын хэмжээнд 45000 гаруй албан хаагч ашиг сонирхлын мэдүүлгээ бүрдүүлэв /2012.08.16/

A- A A+
Улсын хэмжээнд 45000 гаруй албан хаагч ашиг сонирхлын мэдүүлгээ бүрдүүлэв /2012.08.16/
Авлигатай тэмцэх газар нийтийн албан тушаалтнуудын 2011 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүлээн авч хянах, бүртгэх, нэгтгэх ажлыг улсын хэмжээнд зохион байгууллаа. Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 5 дугаар тогтоолын 2 дугаар хэсэгт “2012 оны 2 дугаар сарын 15-ны дотор хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлсэн албан хаагчдын “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг”-ийг шинэчлэн бүртгэх ажлыг 2012 оны 8 дугаар сарын 15-ны дотор зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд үүрэг болгосугай” гэж заасны дагуу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнууд хөрөнгө, орлогоосоо гадна хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ анх удаа бүртгүүлэв.
Төрийн болон нутгийн захиргааны төв байгууллагууд албан тушаалтнуудынхаа хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн тайлан, мэдээг Авлигатай тэмцэх газарт нэгтгэж ирүүлдэг бөгөөд улсын хэмжээнд нийт 122 байгууллагаас 95 нь албан тушаалтнуудынхаа мэдүүлгийг 100 хувь бүртгэж хүлээж авчээ. Авлигатай тэмцэх газарт тайлан, мэдээгээ 92 байгууллага ирүүлээд байна. Урьдчилсан мэдээгээр хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлбэл зохих 47000 орчим албан тушаалтны 97,7 хувь нь буюу 45000 гаруй нь хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогоо мэдүүлжээ.

Авлигатай тэмцэх газарт хувийн ашиг сонирхлоо мэдүүлбэл зохих 253 албан тушаалтнаас 252 нь буюу 99.6 хувь нь мэдүүлгээ бүртгүүлсэн байна.