Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн нэгдсэн дүн гарав /2012.09.18/

A- A A+
Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн нэгдсэн дүн гарав /2012.09.18/
Авлигатай тэмцэх газар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн бүртгэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, нэгдсэн дүнг гаргалаа. Төрийн болон нутгийн захиргааны 121 төв байгууллагаас мэдүүлгийн тайлан гаргуулж авсны зэрэгцээ УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн сахилгын хороонд бүртгэж, хүлээн авсан мэдүүлгийн тоог мөн нэгтгэж гаргасан байна.

2012 оны 2 дугаар сарын 15-ны байдлаар улсын хэмжээнд 58000 гаруй албан тушаалтан хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлсэн бөгөөд нийтийн албанд шинээр 5633 албан тушаалтан томилогдсон буюу сонгогдсон, мэдүүлэг гаргагчийн тооноос нийт 18020 албан тушаалтан хасагдсаны 2304 нь ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан, 15716 нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 5 дугаар тогтоолоор баталсан хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалтын дагуу болон бусад шалтгаанаар хасагджээ.

Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн тайлангийн нэгдсэн дүнгээс үзвэл, 2012 оны 8 дугаар сарын 15-ны байдлаар улсын хэмжээнд 46000 орчим албан тушаалтан мэдүүлэг гаргахаас 99,79 хувь нь мэдүүлгээ бүртгүүлсэн байна. Мэдүүлгээ гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан 96 албан тушаалтны 80 нь аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 6 нь төрийн захиргааны албан тушаалтан, 6 нь төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, 2 нь төслийн зохицуулагч болон хөдөлгөөний тэргүүн, 1 нь Ерөнхий сайдаас томилогддог албан тушаалтан байв.

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн нэгдсэн тайлангийн дүнгээр хөрөнгө, орлогын их хэмжээний өөрчлөлтийн талаар мэдүүлсэн 193, ашиг сонирхлын зөрчилгүйг илэрхийлсэн мэдэгдэл гаргасан 1347, ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай мэдэгдэл, тайлбар гаргасан 59, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргасан 332, давхар ажил эрхлэлтийн талаар танилцуулсан 15, ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдлын талаар мэдээлсэн 1 албан тушаалтан тус тус байна.