Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллав /2012.10.19/

A- A A+
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллав /2012.10.19/
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчилсны зэрэгцээ тус аймгийн Нэг цонхны үйлчилгээ, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн халамжийн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын алба зэрэг төрийн нийтлэг үйлчилгээ хүргэдэг байгууллагуудад ажиглалт, тандалт хийжээ.

Ажиглалт, тандалт хийх явцад зарим иргэдтэй уулзахад нэг цонхны үйлчилгээнд бухимдсан иргэд цөөнгүй байв. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн иргэн Б шинээр төрсөн хүүхдийнхээ гэрчилгээг авах гэж ирсэн боловч хариуцсан ажилтан нь ирээгүй, дотоод ажлын өдөр гэсэн шалтгаанаар зорьсон ажлаа бүтээж чадахгүй болсноо хэллээ. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг аймгийн удирдлагуудтай уулзах үеэрээ Засгийн газрын хуралдаанаар төрийн байгууллагууд дотоод ажлын өдөргүй байх талаар шийдвэрлэснийг мэдэгдэж, цаашид иргэдэд төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүй хүргэхэд анхаарч ажиллахыг хүсэв. Түүнчлэн Авлигатай тэмцэх газрын даргын албан захидлыг гардуулж, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар харилцан ярилцсан байна.

Ажлын хэсэг мөн аймгийн албан тушаалтнуудын Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн тайлан мэдээтэй танилцав. Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийтийн албан тушаалтнуудыг томилохын өмнө Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хянуулахаар хүргүүлдэггүй, Ашиг сонирхлын зөрчилгүйг илэрхийлсэн, мөн зөрчил үүсэн тухай мэдэгдлийн маягтыг албан тушаалтнуудаас гаргуулж авдаггүй зэрэг хэд хэдэн зөрчил, дутагдал илэрчээ. Дээрх зөрчлийг дахин гаргуулахгүй байх үүднээс анхаарч ажиллах талаар тус аймгийн эрх бүхий албан тушаалтанд арга зүйн зөвлөгөө өглөө.